Энэ сарын 13-нд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу амиа алдсан мэдээлэл олон нийтийг цочроогоод байна. Хохирогчийн аав, ээж тухайн цэргийн анги болоод ЗХЖШ-аас хэдхэн зүйл шаардаад буй. Энэ нь талийгаачид задлан шинжилгээ хийхдээ яагаад ар гэрт нь мэдэгдээгүй талаар тайлбар, камерын бичлэг үзэж, хүүтэй нь ойр байсан алба хаагчидтай уулзах явдал юм. Мөн олон нийтийн зүгээс оюутан хүүг яагаад цэрэгт татчихав аа гэх асуудлыг хөндөж байгаа. Бид ЗХЖШ-аас асуудлын талаар тодрууллаа.
Энэ талаар хурандаа Б.Отгонбаяр, “Төгсөх дамжааны оюутныг цэрэгт татахгүй гэх хуулийн заалт байхгүй. Бид цэргийн ангиуд дээр гарч байгаа аливаа асуудлуудад дүгнэлт хийж байгаа. цаг алдахгүй арга хэмжээ авдаг.
Саяын хохирогчийн ар гэрийнхэн камерын бичлэгийг үзэхийг шаардаж цэргийн ангийн гадаа шөнийн гурван цаг хүртэл суусан. Яагаад үзүүлж болохгүй байна гэхээр, Аливаа нэг золгүй осол ямар ч үед гарсан, хэрэг дээр цагдаа, шүүхийн шинжилгээний байгууллага ажилладаг. Ийм тохиолдолд бид хөндлөнгөөс оролцох ямар ч эрхгүй. Ар гэрт нь мэдээлээгүй задлан шинжилгээ хийсэн асуудлын тухайд, задлан шинжилгээг шүүх шинжилгээний байгууллага хариуцна. Шүүх шинжилгээний байгууллага биднээс байтугай, бусад байгууллагаас хараат бус” гэлээ.
Мөн түүнээс ЗХЖШ-ын харьяа цэргийн ангиудад цэргүүд нэгнээ дэглэх, дарамтлах, зодох асуудал хэр их гардаг талаар асуухад, “Харьцааны зөрчил үүсэх боломж бол тун бага. Ер нь бол байхгүй гэж хэлж болно” гэсэн юм.
Цэрэг амиа алдсан асуудлын үйл явцад хууль зөрчсөн үйлдэл байгаа эсэх талаар бид хуульч Т.Мөнх-Оргилоос лавласан юм.
Тэрээр, “Мэргэжлийн сургуульд сурч байгаа тохиолдолд, цэргийн албанаас чөлөөлдөг хуулийн зохицуулалттай байсан. 2016 оноос хойш цэргийн албаны тухай хуулиар оюутан байхаас үл хамаараад болзол хангасан иргэнийг цэргийн албанд татдаг хуулийн зохицуулалттай болсон. Камерын бичлэгийн тухайд яг ямар нөхцөл байдлыг тусгасан бичлэг байгаа вэ гэдэг чухал. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу олж авсан эд мөрийн баримт уу гэдгээс хамаараад, хэн үзэж болох вэ, болохгүй вэ гэдэг асуудал яригдана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу олж авсан эд мөрийн баримт гэж үзэж байгаа бол мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэрэгт цугласан баримттай танилцах боломж нээгдэнэ. Харин задлан шинжилгээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат. Хүн амь насаа алдсан бол, түүнийг гадны нөлөөтэй эсэхийг тодорхойлохын тулд зайлшгүй шинжилгээ хийх хуулийн зохицуулалттай” гэв.
Зөвхөн 2023 оны байдлаар цэргийн алба хааж байсан таван цэрэг амиа алдсан байна. Тэгвэл 2011-2023 оны хооронд нийт 50 гаруй алба хаагч амиа алдсан статистик мэдээлэл ХЭҮК-оос гаргажээ. Бид ЗХЖШ-аас цэргүүд яагаад алба хааж байх хугацаандаа амиа алдаж, энэ асуудал жил ирэх тусам нэмэгдээд буйн шалтгааныг тодруулахад, цэргийн ангиуд дээр харилцааны зөрчил, нэгнийгээ дээрэлхэж, дарамтлах үйлдэл тэр болгон гардаггүй. Бараг гардаггүй ээ гэсэн тайлбар өгсөн. Тэгвэл иргэд цэргийн албанд дарамт шахалт их байдаг тухай хэлж, цэрэгт яваагүй залуус явахаасаа айдаг талаар ярилаа.
ИРГЭД:
- Би цэрэгт яваагүй. Сургуулиа төгсөөд явна л гэж боддог. Гэрийнхэн явуулах дургүй л байгаа. Ээж аав маань гэж санаа зовсон л хүмүүс байна. Жил болгон хүний амь эрсдэхээр миний хувьд ч эвгүй л байна.
- Миний хувьд нэлээн айдастай л байна. Би гэлтгүй дүү нартаа ч санаа зовж байна.
- Зэвсэгт хүчний албарыг сайн тал руу нь л өөрчилмөөр байна. Ерөөсөө л хүн хоорондын харилцаа шүү дээ. Салбартаа ч биш. хүний суурь хүмүүжил. Хүнийг хүнлэг болгож хүмүүжүүлмээр байна. Өндөр дээд боловсролтой байлаа гээд харгис юмнууд байх юм бол нийгэмд ч хэрэггүй. Эцэг эхдээ ч хэрэггүй. Хэнд ч хэрэггүй.
- Энэ салбар шинэчлэгдэх цаг болсон. Буу зэвсгийн хувьд ч тэр. Аль дээр үеийн АК-47 бууг бид ашиглаад л байж байна. Буу салгаж угсарна. Жагсаалаар гүйнэ гэх мэт зүйл хийдэг. Одоо бол ямар ч дайсны урдаас жагсаалаар гүйнэ гэж байхгүй шүү дээ. Ямар нэгдүгээр дайн байгаа биш. Угаасаа дан эрэгтэй хүн явж байгаа юм чинь ирээдүйд яаж аав болох вэ гэдэг ч юм уу. Энгийн зүйл заах хэрэгтэй. Яг үнэндээ фитнесст явсан, цэрэгт явсан зарчмын хувьд ялгаагүй.