Сүүлийн 12 жилийн хугацаанд 56 монгол хөвгүүн цэрэгт алба хаахаар очоод амь насаа алджээ. Уг нь тэд дайнд яваагүй. Бослого тэмцэлд ороогүй. Хоёр өдрийн л өмнө гэхэд зэвсэгт хүчний 326-р цэргийн ангийн байлдагч 21 настай залуу унтаад сэрсэнгүй. Хүүгийнх нь үхсэн талаарх хэл дуулгахдаа задлан хийснийхээ дараа аав ээжид нь мэдэгдсэн. Мөн л 2021 онд энэ ангид нэг цэрэг амиа алдаж байсан гашуун түүх бий.
Гэтэл Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, "Энэ онд зургаан цэрэг амиа алдсан гэдэг нь аль байгууллагад нь ямар анги салбар харьяалагддаг, ямар учир шалтгааны үндсэн дээрээс үйл явдлууд болоод байна. Хэрвээ манай цэргийн албанаас, анги байгууллагаас цэргийн алба хаагчтай харилцааны зөрчилтэй холбоотой, гэмт хэргийн шинж чанартай тийм юм байвал манай бүх шатны албан тушаалтан, би хүртэл хариуцлага хүлээхэд бэлэн байгаа." гэв. Уг нь түүнийг сайд байхад гурван цэрэг амиа алдсан байна. Харин Хил хамгаалах ерөнхий газар Хууль зүйн яаманд харьяалагддаг ба энэ байгууллагын харьяа цэргийн ангиудад сүүлийн гурван жилд мөн л гурван цэрэг амиа алдсан байна.
Хаана, ямар байгууллагад харьяалагддаг цэргийн ангид хүн үхсэнээр нь хариуцлага тооцох учиртай бол Батлан Хамгаалахын Сайд Г.Сайханбаяр ч, саяхан Хууль зүйн сайдын ажлаа өгсөн Х.Нямбаатар ч хариуцлага хүлээхээр байна.
Мөн дөнгөж саяхан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө, "Цэрэг гадны нөлөөгүй амиа алдсан, хэрэвзээ буруутай нь тогтоогдвол би ч хариуцлага хүлээхэд бэлэн" хэмээн үгээрээ айн далайлгаж сууна. Гэтэл шинжээчийн дүгнэлт бүрэн гараагүй байхад гаднын нөлөөгүй амиа алдсан гэдийг Сайдтан хэрхэн яаж мэдээд өөрийгөө хаацайлж суугаа юм бол.
Цэргийн үхэх бүрд үйл явдлыг дарах гэж гал унтраасан арга хэрэглэн эмгэнэл илэрхийлээд, оршуулгын зардал өгөөд л өнгөрдөг жишиг тогтжээ. Гэтэл үр дагавартай зууралдахаас илүү үндэс суурь системийг нь шинэчлэх, батлан хамгаалах салбарын бодлогоо өөрчлөх ямар ч алхмыг энэ хоёр сайдтан сүүлийн гурван жил хийгээгүйг цэрэг эрс амиа өргөн харууллаа.
Хэн нэгэн дарга эрх мэдэлтэн албан тушаалаасаа буугаад л зүгээр өнгөрөх бус цэргийн байгууллагын бүх шатны системийг үе шаттай, бодитой өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна.
Ганган цэрэг хувцас, гялгар одон медаль биш аюулгүй, баталгаатай, боловсролтой, эрүүл чийрэг, саруул ухаантай цэргийн арми л Монголд хэрэгтэй байна.