ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан. Үзлэгийн баг хэргийн газар очиж үзлэг хийх, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тасралтгүй явагдаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэх авах, тухайн анги байрлалд байгаа хяналтын камеруудад үзлэг хийх, талийгаачийн үзлэгийн шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээ хийх, цэргийн алба хаагчдын ундны ус болон тухайн өдөр идсэн хоол гэх мэт зүйлд шинжилгээ хийлгэхээр дээж авч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байгаа.
Мөрдөн шалгах ажиллагаагаар 2023 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр талийгаач нэгдүгээр салааны 25 байлдагчийн хамт өглөөний бослогодоо босож биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, өглөөний цайндаа орох, Биеийн тамирын зааландаа бүжгийн сургуулилалт хийх, гаднах цас цэвэрлэх, оройн хоолондоо орох болон оройн тоондоо хамрагдах гээд тухайн ангийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаандаа оролцоод амралтын байрандаа орсон. Арваннэгдүгээр сарын 13-нд өглөөний бослого зарлахад талийгаач босоогүй. Очоод үзэхэд нас барсан байдалтай байсан. Иймд тухайн ангиас цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгсөн.
Түүнчлэн талийгаачийн амь насаа алдсан байдлыг тогтоох зорилгоор холбогдох хуулиудын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байна.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уушгины хатгалгаагаар нас барсан гэж мэдээлсэн байсан. Дүгнэлт гараагүй" гэв.
Мөн 2023 он гарсаар зургаан цэрэг амь насаа алдсан. Гурав нь Зэвсэгт хүчний, гурван цэрэг Хил хамгаалах албаны цэргийн ангид амь насаа алдсан. Эдгээр хэргүүд дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.