Газын зурваст амь алдсан Палестинчуудын тоо 11,180-д хүрлээ. Хохирогчдын 4900 нь хүүхэд байгаа бол 3100 нь эмэгтэйчүүд байна. Түүнчлэн 10-р сарын 7-нд мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурваст ажиллаж байсан НҮБ-ын 102 ажилтан амь үрэгдсэн нь тус байгууллагын түүхэн дэх хамгийн өндөр тоо болж байна.
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Хамас бүлэглэлийн эсрэг дайралтуудаа 2 дахин нэмэгдүүлэхээ зарласан ба энэ дайныг дуустал Израилийн батлан хамгаалах хүчин бүх чадлаа дайчилна гэдгийг санууллаа. Хамас бүлэглэлийг бүрэн устгаж байж 10-р сарын 7-ных шиг үйл явдал дахин давтагдахаас сэргийлж чадна гэж Израийлийн засгийн газар үзэж байгаа юм. Газын зурвас дахь эмнэлгүүдэд шатахуун байхгүйн улмаас үйл ажиллагаа явуулахад бэрх байгаа талаар тус эмнэлгүүдийн ажилчид хэлжээ.
Харин хамгийн сүүлд гаргасан цагаан ордны мэдэгдэлд Хамас бүлэглэл эмнэлгүүддээ зэвсгээ байрлуулж, цэргийн үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байна гэж дурджээ. Энэ мэдээллийг АНУ тагнуулын мэдээлэл дээр үндэслэсэн талаараа тодотгосон байна.