Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө. Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын Гарьд Ц.Бямба-Отгон түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын Заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ. Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд “Ханжоу-2022” Азийн XIX дэх наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг–ийн жинд өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртсэн билээ.
Улсын Заан М.Лхагвагэрэлийн чөлөөт бөхийн амжилтаас дурдвал: 2021 оны дөрөвдүгээр сард Казакстан улсын Алматы хотод болсон олимпын эрх олгох тэмцээнд мөнгөн медаль хүртэж олимпын эрхээ авсан. Улмаар 2021 оны наймдугаар сард Япон улсад болсон зуны олимпын их наадамд Монгол Улсаа төлөөлөн чөлөөт бөхийн 125 кг-ын жинд амжилттай барилдаж тавдугаар байр, Завхан аймгийн баяр наадамд шөвгөрсөн. Мөн өнгөрсөн оны 10-р сард Норвеги улсын Осло хотноо болсон чөлөөт бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 125 кг-ын жинд барилдаж Монгол Улсын хүнд жингийн анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан юм.