Нийгэмд нь аюул учруулах эрсдэлтэй тул “Тик Ток” аппликэйшнийг хориглож байгаагаа Балбын засгийн газар мэдэгдлээ. Балбын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд Рекха Шармагийн хэлснээр ТикТок нь нийгмийн эв найрамдалд сөрөг нөлөө үзүүлж, цаашлаад гэр бүл, нийгмийн бүтцэд сайнаар нөлөөлөхгүй тул ийм шийдвэр гаргасан гэв. Энэ шийдвэрийг Балбын Ерөнхий сайд Пушпа Камал Дахал ч мөн бататгасан байна. Тодруулбал, тэрбээр “Нийгэмд тарааж буй эмх замбараагүй байдлыг хэрхэн хянах талаар удаан ярилцсаны эцэст эрх баригч, сөрөг хүчин зэрэг бүх улс төрийн намууд энэ асуудлаар зөвшилцөлд хүрсэн” гэжээ. Тик Ток аппликэйшнийг сард дунджаар нэг тэрбум хүн идэвхтэй хэрэглэдэг. Хятадад төвтэй тус аплликэйшнийг хэдийнээ дэлхийн хэд хэдэн оронд хориглосон ба тэдний нэг болох Энэтхэг улсад үйл ажиллагааг нь бүр мөсөн хоригложээ.