Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай оюутан хүү өчигдөр өглөө нас барлаа.
Талийгаачийн үхлийн шалтгааныг мэдэхээр аав, ээж хоёр нь өчигдөр шөнийн гурван цаг хүртэл цэргийн ангийн удирдлагуудыг хүлээсэн ч үр дүнд хүрч чадаагүй юм. Энэ үеэр талийгаачийн аав, “Бид хоёр хариад яах юм. Гэрт хүү минь байхгүй юм чинь хариад яах юм. Хоосон гэрт очих хэрэг надад байхгүй. Би хүүгээ цэргийн ангийн хашаанд л орхисон. Энд л орхисон” гэсээр өвлийн хүйтэнд даарахаа мэдэхгүй зогсож байв.
Харин өнөөдөр NTV телевизээр тэд байр сууриа илэрхийлснийг үзэгч танд хүргэе.
Талийгаач хүүгийн аав: Бид цэргийн ангийн удирдлагуудаас нэг их олон юм хүсээгүй. Бичлэг байдаг бол үзчихмээр байна. Ойрхон байсан цэргүүдтэй нь уулзаж өмнөх өдөр нь ямар байсан эсэхийг асуухыг л хүссэн.
Тэр өглөө долоон цаг өнгөрч байхад эхнэрийн утсанд дуудлага ирж, “Танай хүү орондоо унтчихжээ, боссонгүй” гээд шууд хэлсэн. Бид хоёр сандарч, тийм зүйл байх ёсгүй гээд машинтайгаа давхиад очсон. Тэгэхэд хүүгийн минь цогцсыг зөөвөрлөөгүй байсан. Гэвч дотогш биднийг оруулаагүй. Гурван цаг хүлээсэн ч оруулаагүй. Ингээд бид хүүхдээ харж байж явна гээд дайрсан. Ингээд гар утас гэх мэт бүх зүйлээ хураалгаад орсон. Бид хоёр хүүгээ тэвэрч үнсэхийг л хүсэж байсан болохоор шарх, сорви байгаа эсэхийг тэгтлээ сайн хараагүй. Нуруу, гар нь улаан эрээн болсон байсан.
Бид хүүгээ задлан шинжилгээнд орсныг нь мэдээ ч үгүй. Өнгөрсөн гурав дахь өдөр эхнэр бид хоёр дүүг нь аваад хүүгээ эргэсэн. Тэгэхэд биднийг уулзуулаагүй. Ядаж хашааны завсраар хүүгийнхээ алхаж байгааг харъя гэж гуйгаад зөвшөөрөөгүй. Хүү минь дөрөвдүгээр курс. Сургуулийнхаа бичгийг үзүүлээд хоёр ч удаа цэрэг татлагад хамрагдаагүй. Энэ жил мөн сургуулийнхаа бичгийг бариад очсон боловч аваад явчихсан. Тэгэхэд хүү минь, “сургуулийг минь зохицуулаарай. Би сургуулиа хаямааргүй байна” гэдгийг л хэлсэн.
Эрүүл саруул хүүг минь эмчийн дүгнэлттэй нь аваад явсан байж, ийм зүйл болгосонд харамсаж байна. Тиймээс өөрийнхөө чадах хэмжээнд хөөцөлдөнө гэлээ.
Эх сурвалж: NTV