Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар 18-аас дээш настай эр хүн бүр Эх орноо хамгаалж, цэргийн алба хаших үүрэгтэй гэсэн байдаг. Харин энэхүү эрхэм үүргээ биелүүлж явсан цэрэг эрс энх цагт амиа алдсаар л байна.
Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх ээ, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр аа! Хэдэн цэрэг үхэж байж, зэвсэгт хүчний салбарт цэрэг эрс амиа алдхааргүй болох вэ? Хэзээ цэргийн зарлан, үхлийн зарлан шиг сонсогдохоо болих вэ?
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай оюутан хүү өчигдөр өглөө нас барлаа. Улмаар өчигдөр орой 22:00 цагт ЗХЖШ-аас мэдээлэхдээ, “Цэргийн албанаас хийсэн урдчилсан шалгалтаар уг асуудлыг гаднын нөлөөтэй гэж хэлж болохооргүй байна. Гэвч бид албан ёсны дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага биш гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж тайлбарлав. Дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий байгууллага биш гэдгээ мэдсээр байж ийн мэдэгдсэн нь өөрсдийгөө хаацайлсан хэрэг гэж олон нийт үзэж байна.
Амиа алдсан алба хаагчийн ар гэр өчигдөр хөхөө өвлийн хүйтэнд, хөлдүү цементэн шалан дээр эмгэнэн гашуудаж, цэргийн анги руу орохыг, камерын бичлэг шалгахыг хүссэн. Гэсэн ч хэрэг шалгагдаж байгаа гэх шалтгаанаар хохирогчийн ар гэрийхэнд мэдээлэл өгөөгүй юм. Өөрөөр хэлбэл цэргийн дарга нь өөрөө оковондоо орчхоод, утсаар яриа өгч, эцэг эх нь цэргийн ангийн гадаа осгож үхтлээ хөөгдөж баахан зогсов.
Алба хаагч цэрэг амиа алдаж буй анхны тохиолдол энэ биш. Тоо нь тодорхойгүй олон зуун залуус цэргийн анги доторх дарам шахалт, зодуураас үүдэж шархаа даахгүй нас нөгчих, эсвэл амиа хорлох хэргүүд гарсаар ирсэн. Эдгээр хэргүүд гарсны дараа холбогдох яам, удирдах байгууллагуудаас арга хэмжээ авдаг эсэх нь эргэлзээтэй.
Үзэгч танд алба хаах гэж мордоод, амиа алдсан хэд хэдэн хэргийг сануулъя.
- 2021 оны дөрөвдүгээр сард цэргийн даргадаа зодуулж, амиа алдсан хэрэг гарч олон нийтийг цочроож байв. Эрх баригчид цэргийн хувцас өмсөж, өөрсдийгөө пи ардах болохоор олон нийтийн өмнө гардаг ч цэрэг эрс амиа алдсан өдрүүдэд нэг ч үг хэлж, дуугараагүй. Амиа алдсан цэргийн гэр бүлээс уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлж мөнгө өгнө гээд л энэ асуудал дууссан.
- 2011 он 08 сар “Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хааж байсан С.Батбаяр сэхээнд ухаангүй байсаар өвчнөө даалгүй амиа алдсан. Түүнийг цэргийн албанд татагдаж ирээд удаагүй байхад нь хал цэргүүд “Цэрэг хүн байна. Ганц цохиулчих” хэмээн дарамтлан зодсоор биед нь хүнд гэмтэл учруулсан.
- 2019 он 01 сарын 22-нд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай залуу амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн хүүгээ зодуулсан гэж үзэж байв.
- 2020 он 05 сар Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Ховд аймаг дахь 123-р ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б зодуулж хүнд гэмтэн, Улаанбаатарт ирсэн.
- 2021 он 02 сар "Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129-р ангид гэрээтээр алба хааж байсан 21 настай С харуулын байрандаа өөрийгөө боомилсон байдалтай амь насаа алдсан хэрэг гарчээ. Талийгаач Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат бөгөөд ар гэрийнхнийх нь мэдээлж буйгаар амиа алдхаасаа хэд хоногийн өмнө “Намайг ирж аваач, дарамттай байна” гэж утсаар ярьжээ.
- 2021 он 02 сар сошиал орчинд шинэ цэргээ дарамталж, зодож буй бичлэг тарсан. Тухайн үйл явдал 2020 оны есдүгээр сарын сүүлчээр Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр болсныг тогтоосон.
Цэргийн албанд амиа алдагсдын тоон судалгаа, тодорхой мэдээлэл гэж үгүй. Асуудлыг шийдэх дорвитой шийдэл гаргахгүй байсаар өнөөдрийг хүрч дахин нэг амь гарзадлаа. Үүнтэй холбогдуулан олон нийт цэрэгт хүүгээ явуулахгүй гэдгээ илэрхийлж байна.
- Манайд цэрэгт явах хүн байхгүй. Бүгдийг нь цэрэгт явуулсан. Цэрэгт явуулсны дараа нэг хүү маань хүнд зодуулсан. Тархины хагалгаа хийлгээд үхэнгээ алдсан. Ахлагч юм уу нэг хүнд зодуулсан гэж байсан. Энэ явдал өнгөрөөд дөрвөн жил боллоо. Бид тэр үед цэргээс нь гаргасан л даа.
- Миний ах дүү нар дунд цэргийн сайхан дарга нар байсан. Тэр үед их сайхан байжээ. Тэр үед дэглэдэг л гэдэг. Арай ч амь насыг нь бүрлэгсэн тухай сонсогдож байгаагүй.
- Сүүлийн үед их аймар зүйлс дуулдаад байгаа болохоор явуулах итгэл алдарч байна. Эрүүл саруул яваад, ирэхдээ нас барчихаад ирэхээр ямар хэрэг байх вэ дээ. Энхийн цаг шүү дээ. Ямар дэлхийн II дайн байгаа биш.
- Хүний сайхан хүүхдэд гар хүрч байдаг зоригтой л улс байна даа. Би тийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрсдийнх нь хүүхдийг түлхэхэд хэний ч дургүй хүрнэ. Тийм байтал хүний хүүхдийн амийг бүрэлгэнэ гэдэг аймшигтай.
- Би хүүгээ цэрэгт явуулахгүй. Эрсдэлтэй болчихлоо шүү дээ. Энхийн цагт цэрэгт явна гэж явчихаад ганцхан жилийн алба хаах хэцүү болсон байна. Тийм учраас явуулахгүй л гэж бодож байна хэмжээ иргэд ярьж байна.