Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан оюутан өнөөдөр өглөө нас барсан. Хэргийн талаар ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Ч.Цогтжаргал дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, “Цэргийн албанаас хийсэн урдчилсан шалгалтаар уг асуудлыг гадны нөлөөтэй гэж хэлж болохооргүй байна. Гэвч бид албан ёсны дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Өнөө өглөө 06.30 цагт командлалын жижүүр над руу ярьсан. Өглөөний 06.00 цагт бослого эхлэхэд нэг цэрэг босоогүй. Очоод үзтэл амиа алдсан байсан. Одоо цагдаагийн байгууллагын үзлэг шалгалт явагдаж байна. Үзлэг шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй.
Цэргийн ангийн бүх камер ажиллаж байгаа. Мөн ямар ч бичлэг устаагүй. Бид хэвлэл мэдээллийн байгууллага болоод хохирогчийн ар гэртэй хамтарч ажиллана. Энэ мэдэгдлийн дараа ар гэрийнхэнтэй нь очиж уулзана. Тиймээс нотлох зүйлгүй худал мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна.
Бүх процесс хуулийн дагуу явж байгаа. Цагдаа болон шүүх шинжилгээ л албан дүгнэлтээ гаргана. Манай байгууллагын зүгээс гадны нөлөөгүй гэх дүгнэлтийг огт хэлээгүй. Цаашид мэдээллийг нээлттэй өгнө" гэв.