Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөс төвлөрүүлэх орлого болон тус эх үүсвэрээр хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн 429 тэрбум төгрөгийг бууруулж, нийт эх үүсвэрийг 1,656 тэрбум төгрөг, нийт зарлагыг 1,277 тэрбум төгрөгөөр тооцон төсөлд тусгасан байна.
Тодруулбал НИТХ-ын ээлжит бус хурлаар Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулсан юм.
Нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэх сургууль, цэцэрлэгийн төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэл болон Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад нэн шаардлагатай техник хэрэгслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий болсон.
Энэ он дахь нийслэлийн аравдугаар сарын төсвийн гүйцэтгэл, жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ. Тухайлбал
- Нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын цалингийн зардлаас 7.1 тэрбум төгрөг;
- Нийслэлийн үнэт цаас гаргах, бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөсөн зардлаас 1.1 тэрбум төгрөг;
- Нийслэлд хэрэгжиж буй есөн нэр төрлийн төсөл, арга хэмжээний зардлаас нийт 7.8 тэрбум төгрөг;
- Нийтийн тээврийн газрын тээврийн үйлчилгээний машин цагийн зардлаас 10.8 тэрбум төгрөг;
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хан-Уул дүүрэг дэх нэгдсэн цогцолбор барилга руу шилжихээр тооцон төлөвлөсөн 800 сая төгрөгийг тус тус хэмнэхээр төлөвлөсөн.
Түүнчлэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эхний арван сарын гүйцэтгэлд үндэслэн гэрээ байгуулагдаагүй хоёр төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 6 тэрбум төгрөг, бодит гүйцэтгэл дутуу 14 төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 9.2 тэрбум төгрөг, нийт 15.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа оны төсөвт тусгахаар тооцон төлөвлөсөн байна.
Нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардлаас 15.2 тэрбум төгрөг, нийт 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Үүнд,
- Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжихээр батлагдсан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эх үүсвэр 27.6 тэрбум төгрөг;
- Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад шаардлагатай тусгай зориулалтын машин механизм 14.4 тэрбум төгрөг;
- Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажил (Улаанбаатар хот) 800 сая төгрөг тус тус тусгав.
НИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны эхний хэлэлцүүлэг өнөөдөр болж буй бөгөөд хоёрдугаар хэлэлцүүлэг энэ сарын 17-нд болох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС