Жил бүрийн 11-р сарын 14-ний өдрийг "Монгол бахархалын өдөр" Монголчууд тэмдэглэж ирсэн. Энэ өдөр Тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг бахархалтайгаар тухайн эздэд нь гардуулан хүртээдэг.
Тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонг 2005 оноос олгож эхэлсэн. Ингэхдээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн /хуулийн этгээд/-д олгож ирсэн билээ.
Харин энэ жилийн хувьд энэхүү хүндтэй одонг Монгол улсын соёлын элч “Морин Хуурын Чуулга”-д хүртээх юм.
Морин хуурын чуулга нь байгуулагдсан цагаасаа эхлэн 31 жилийн хугацаанд 30 гаруй улс оронд 650 гаруй тоглолтыг хийсэн байна. Тухайлбал АНУ Нью-Йоркийн “Карнеги Холл” НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-ийн танхим, Австрийн Вена хотын Филармони, Австралийн Сидней хотын дуурийн театр, Франц улсын Версалийн хааны ордон зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй тайзнаа Монголын үндэсний бахархал, соёл урлагийг түгээн дэлгэрүүлж, сурталчилж ирсэн юм.
Морин хуурын чуулгыг 2022 онд Монгол улсын гадаад харилцаа, соёлын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Гадаад Харилцааны яамнаас “Монгол Улсын Соёлын Элч”-р өргөмжилсөн юм.
Тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонт Морин хуурын чуулгын Монгол өв соёл, язгуур урлаг, үндэсний бахархлаа түгээн дэлгэрүүлж буй урлагийн их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.