Алдарт жүжигчин, найруулагч Мел Гибсоны 2004 онд найруулсан “Христийн шаналал” кино олон нийтээс өндөр үнэлгээ авсан, шилдэг кинонуудын нэг. Тус киноны үргэлжлэл буюу хоёрдугаар анги нь ирэх онд гарч магадгүй талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Одоогоор киноны нээлтийн хугацааны талаарх тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм. Христийн шаналал кино анх хийгдэх гэж байхад олон студи, продакшнууд хамтрахаас татгалзаж, нээлтээ хийснийх нь ч дараа хэд хэдэн улсад хориглосон байдаг. Үүнээс үл хамаарч тус кино дэлхий даяар 612 сая ам.долларын орлого олж, томоохон амжилт үзүүлсэн.
Библи дэх Христийн цовдлуулсан хэсгийг харуулах “Христийн шаналал” кино нь кино сонирхогчдын хамгийн өндрөөр үнэлсэн кинонуудын нэг бөгөөд агуулга, үйл явдал нь одоо ч маргаан дагуудаг. Гэсэн ч Мел Гибсон хийгээд гол дүрийн жүжигчдээсээ асар их зориг шаардсан тус бүтээлийн дараагийн анги хийгдэх гэж байгаад олон нийт өндөр хүлээлт үүсгэж байна.