Төв аймгийн Өндөрширээт суманд энэ сарын 04-05-ны өдрүүдэд буюу 22 цаг үргэлжилсэн хүчтэй цасан шуурганы улмаас сумын хэмжээнд талдаа дунджаар 20-25 см орчим, гуу жалгандаа 50-80 см зузаан цасан бүрхүүл тогтсон.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас цасанд боогдсон, төөрсөн, суусан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нийт 49 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, аймгийн Онцгой байдлын газар, сумын Онцгой комиссын гишүүд хамтран ажиллаж, 100 гаруй иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Өнөөдрийн байдлаар цасанд боогдсон нийт 82 айлыг нүүлгэн шилжүүлж, 279 км замыг нээсэн бөгөөд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагчид, аймгийн Онцгой байдлын газар, сумын Онцгой комиссын гишүүд хамтран ажиллаж байна.
Өндөрширээт сум нь 2100 орчим хүн амтайгаас 592 нь малчин өрх. Сумын хэмжээнд 527 малчин өрхийн 224.600 орчим мал өвөлжиж, хаваржина. Аймгийн Засаг даргын захирамжаар баталсан 60 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэхээс гар тэжээл 140,1 тн, үйлдвэрийн 183,7 тн, өвс 293 тн, ногоон тэжээл 945,8 тн тус тус бэлтгэжээ.