БНАСАУ жил бүрийн арваннэгдүгээр сарын 18-ны өдрийг “Пуужингийн Салбарын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргалаа.
Энэ шийдвэрээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр тус улс Хвасон-17 тив алгасах баллистик пуужинг амжилттай туршсантай холбоотой хэмээн тайлбарлажээ. Гэхдээ энэ өдөр түүний охин Ким Жү Э анх удаа олны нүдэнд ил гарсан тул түүнтэй ч холбоотой байж магадгүй гэж зарим хэвлэлүүд таамаглаж байна.
Өнгөрсөн оны 11-р сарын 18-наас хойш Ким Жон Уны охин БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойн баярын жагсаал, цөмийн пуужингийн туршилт зэрэг үндэсний томоохон арга хэмжээнд аавтайгаа хамт харагдах болсон. Кукмин их сургуулийн Хойд Солонгосын судлаач Фёдор Тертицкий NK News-т хэлснээр БНАСАУ-ын эрх баригчид 11-р сарын 18-ны өдрийг "пуужингийн өдөр" болгон тэмдэглэснээр охиныг өв залгамжлагч болохын ач холбогдлыг онцлон харуулахыг оролдсон гэж дүгнэжээ.