АНУ-ын зүгээс Газын зурваст хүмүүнлэгийн зорилгоор завсарлага авах асуудлаар Израильтай сүүлийн хоногуудад хэлэлцсэн. Үр дүн гарсан талаар цагаан ордноос өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал, Газад хоёр хүмүүнлэгийн коридор байгуулах бөгөөд үүгээр хүмүүсийг гаргах зорилготой юм байна. Түүнчлэн Газын зурвас, Египетийн хил дээрх Рафах хянан шалгах цэгээр нэвтрэх тусламжийг нэмэгдүүлэх гэж байгаа талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэлжээ. Тухайлбал, өдөрт 150 ачаа тээвэр бүхий хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг зорьж байна. Хүмүүнлэгийн завсарлагын тухайд Хойд Газад өдөрт дөрвөн цаг гал зогсоож, иргэдийг нүүж, явах хугацааг олгохоор болжээ. Энэ хугацааг хэр удаан хугацаанд үргэлжлүүлж, хэрэгжүүлэх талаар Израильтай ярилцаж байгаа гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Кирби мэдээлсэн юм. Гэхдээ хүмүүнлэгийн зорилгоор л завсарлага авч байгаа болохоос мөргөлдөөнд гал зогсоохгүй гэдгээ Израилийн тал маш тодорхой мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, талуудын мөргөлдөөн цааш улам ширүүсэж, Израиль Хойд Газыг устгахаар эрмэлзэж байна гэж шинжээчид үзэж байна. Мөн Израилийн ерөнхий сайд Б.Нетаняху дайн дууссаны дараа Газын зурваст хяналтаа тогтоох, эзлэх ямар ч бодолгүй байгаа талаар Fox News-д дахин илэрхийллээ. Израилийн зүгээс тус бүс нутагт дахиж Хамасын өдүүлсэн шиг халдлага үүсгэхгүй байхаас урьдчилан сэргийлнэ гэсэн юм. Түүнчлэн Газын зурваст шинэ засгийн газар байгуулагдах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Б.Нетаняху мөн Газын зурвасын аюулгүй байдалд Израиль хариуцлага хүлээнэ гэдгийг хэлээд буй.