Сүүлийн жилүүдэд манай улсад хавдрын өвчлөл эрс нэмэгдсэн. Улсдаа ганц байдаг Хавдар судлалын үндэсний төв нь ачааллаа дийлэхээ больж орны оочер дараалал дээд цэгтээ тулчихсан.
Тэгвэл мөнгөтэй боломжтой нэг нь хувийн эмнэлэг барааддаг. Харин мөнгө санхүү бяд муутай зарим хэсэг нь харьяа дүүргийн эмнэлгийнхээ үүдийг сахихаас өөр гарцгүй байдаг нь нууц биш. Нийслэлийн хэмжээнд гэхэд л ХУД мөн БГД-ийн нэгдсэн эмнэлгүүд хавдрын хөнгөвчлөх тасаг ажиллуулдаг.
Яг хавдрын үзлэг, оношлогоо, эмчилгээ, тусламж үйлчилгээгээрээ гаршсан учраас мэдээж иргэд ХСҮТ-ийг л зорьдог билээ.
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийг баталлаа. Ингээд ХСҮТ-ийн 2-р барилгын ажлыг эхлүүлэх төсвийг ирэх оны төсөвт суулгах боломжгүй гэснээр 2025 оны улсын төсөвт суулган хэрэгжүүлэхээр болжээ. Нийт 6 блокоос бүрдэх 600 ортой тус эмнэлгийн 2-р барилгын ажлыг ойрын хоёр жилийн хугацаанд эхлүүлэх хэмжээний төсвийг ийн суурийг нь тавьж буй ажээ. Ямар ч байсан ХСҮТ-ийн 2-р барилгын ажил эхлэх нөхцөл бүрдэж байгаа ч нөгөөтэйгүүр тоос болон замхарчих вий гэсэн болгоомжлол байна.
Хавдар судлалын үндэсний төв нь 1998 онд таван га газартай байжээ. Гэтэл одоо тус эмнэлэгийн баруун талд орон сууцны хороолол, урд нь үйлчилгээний төв, оффис баригдаж, эмнэлэг хэдэн талаасаа барилгаар хүрээлэгдэж хавчигдсан байдалтай байна.