Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 57 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ.
ЦУОШГ-ын дарга Г.Оюунжаргал "Өнгөрсөн аравдугаар сард цаг агаар, тогтвортой сайхан байлаа. Хур тунадас багатай, агаарын температур өмнөх жилээс 4.7 градусаар олон жилийн дунджаас 3.8 градусаар дулаан байсан. 1940 оноос хойших хур тунадас багатай 13 дахь 10 дугаар сар болж өнгөрлөө.
Арваннэгдүгээр сарын 3-5-нд их цас орж, шууран, аюултай үзэгдэл болсон. Ихэнх нутгаар 0-16.7мм цас орсон. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 10мм, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 16.7мм цас орсон байна. Салхины хурд 10-18м/секундэд хүрч, 1-22 цаг цасан шуурга үргэлжилж, найман хүний амь нас эрсэдсэн гамшигт үзэгдэл боллоо.
Дулаарахаар зузаан тогтсон цасны дээд хэсэг өдөртөө хайлмагтаж, шөнөдөө хөлдсөнөөр малын бэлчээрт хүндрэл учруулдаг. Өвөлжилт хүндрэхээр байна" гэв.
Ойрын 3 хоногтоо цаг агаар тогтуун байх ч энэ сарын 14, 15-наас эргээд нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Иймд малчид хугацаа алдалгүй өвөлжөөндөө буух, сүлжээтэй утас, дулаан хувцас зэргээ сайтар базааж малдаа явахыг ЦУОШГ-аас сэрэмжлүүлж байна.