Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдаж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тэгвэл хуулийн нэмэлт өөрчлөлтөөр усны нөөцийг бага бохирдуулбал бага, их бохирдуулбал их төлөх зарчмыг баримтлан хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг тодорхой тусгаж өгчээ. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр ус бохирдуулсны төлбөр төлөгч байна гэж заасан байдаг. Улсын төсөвт 2020 оноос хойш 2023 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 4.71 тэрбум төгрөг төвлөрсөн байна гэх мэт мэдээллийг ЗГХА Ус сувгийн удирдах газраас өгч байна.