Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас урьд өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан М, Б, Б нар нь бүлэг зохион байгуулалтад орж, гэмт хэрэг үйлдэж байсан хэргийг шалгаж дуусгаад шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж, хууль бусаар их хэмжээний ашигт малтмал "алт" олборлосон, мөн Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт, аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг алт боловсруулах үйл ажиллагаандаа ашигласан, гэмт хэргийн замаар олсон орлогоо нуун далдалж мөнгө угаасан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэр бүхий 16 этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль бусаар олсон их хэмжээний алт болон гэмт хэрэг үйлдэж олсон үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, яллагдагч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байв.
Прокурорын байгууллагаас нэр бүхий 16 яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба