Украины сөрөг довтолгооны давшилт сайнгүй байгаа ч ОХУ-ыг заавал ялна гэдгийг Украины ерөнхийлөгч В.Зеленский хэллээ.
Тодруулбал, Украины өмнөд болон зүүн хэсэгт тус улсын цэргүүд сөрөг довтолгоогоо үргэлжлүүлж буй. Хүйтний эрч чангарах тусам байдал Украины талд сөргөөр нөлөөлнө гэдгийг АНУ-ын мэргэжилтнүүд анхааруулж байсан. Гэсэн ч сөрөг довтолгооныхоо үр дүнг энэ жил харуулахыг хичээнэ гэдгээ Украины ерөнхийлөгч хэлсэн байна.
Мөн тэрбээр дэлхий нийтэд харуулахдаа бус, өөрсдийнхөө төлөө хийж байгаа гэдгээ цохон тэмдэглэжээ. Түүний хувьд сөрөг довтолгоо нь ингэж ахицгүй байгаа нь олон улс Украинд зэвсэг нийлүүлэхгүй байгаатай холбоотой гэж тайлбарласан юм. Украины цэргүүд долоон сар гаруйн хугацаанд сум хүлээж байгаа талаар тэрээр мөн тодотгожээ. Зеленскийн хэлсэн бас нэг онцлох зүйл бол Израил, Хамасын мөргөлдөөн. Хэдхэн хоногийн өмнө Украины ерөнхийлөгч Ойрх Дорнодын мөргөлдөөн Украины дайныг мартагдуулж байгаад санаа зовниж байгаа талаараа хэлсэн.
Тэгвэл энэ удаа тэрбээр Ойрх Дорнодын мөргөлдөөнийг “бүрэн хэмжээний дайн”-тай харьцуулж болохгүй гэжээ. Ингэхдээ тэрбээр аль нь чухал эсэх талаар хэлээгүй, мөн бүх улс орныг хүндэтгэж байгаагаа тайлбарласан ч “бүрэн хэмжээний дайн” гэдэг нь огт өөр ойлголт гэдгийг онцолсон байна.
Украин, Израильд өгөх тусламжийн тал дээр АНУ-ын конгресс мөн асуудалтай байгаа. Хэдий тус улсын ерөнхийлөгч Жо Байден 11.8 тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсгийн тусламжийг нийлүүлэх саналыг гаргасан ч конгресс дэх төлөөлөгчдийн танхимын БНН-ын гишүүд дэмжихгүй, өнөөг хүртэл гацсан байдалтай байгаа юм. Төлөөлөгчдийн танхмын БНН-ын гишүүдийн хувьд Украин бус, Израильд зэвсэг нийлүүлэхийг дэмжиж буй.