2023 оны "Чингис хаан" одонг Морин хуурын чуулга хүртэхээр болжээ. Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсанаас хойш 31 жилийн хугацаанд 30 гаруй оронд 650 гаруй тоглолт хийсэн байна. Монгол Улсын Гадаад харилцааны яам хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан манай уран бүтээлчдийн тоглолтыг дэлхийн нэр хүндтэй тайзнаа толилуулах нөхцөл боломжийг бүрдүүлж ирснийг энд онцлох нь зүйтэй. Тухайлбал, тус чуулга нь АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байр, БНФУ-ын Парис хотноо ЮНЕСКО-ийн төв байр, ОХУ-ын Большой театр, БНХАУ-ын Үндэсний их театр (Сувдан театр), Япон Улсын NHK телевизийн концертын их танхим болон Сиднейн Дуурийн театрт амжилттай тоглосон. Мөн саяхан БНФУ-ын Парис болон Нант хотуудад алдартай урлагийн тайзнаа уран бүтээлээ толилуулсан юм. Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн хувьд дэлхийд Монгол өв соёлоо таниулан түүчээлэхээс гадна давхар Могол эх орноо сурталчилж буй гавьяатай билээ.