Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадмаар шүдлэн үрээгээ түрүүлгэсэн Дундговь аймгийн уяач Э.Улаанхүү саяхан болсон “Тансаг айраг” фестивалийн дэмбээний тэмцээнд түрүүлсэн байна. Тус тэмцээн 10 сая төгрөгийн бооцоотой байжээ. Ингээд тэмцээний үзүүр түрүүнд Уяач Э.Улаанхүү ҮДБЭЧ-ын гоцлол дуучин, уртын дуучин С.Цогтсайхантай үлдэж өрсөлдөгчөө хожжээ. Энэхүү фестивалийн үеэр бооцоот, багийн гэсэн хэд хэдэн төрлөөр явагдсан дэмбээний тэмцээнд уртын дуучин Д.Үүрийнтуяа болон олны танил хүмүүс оролцсон байна. Харин багийн тэмцээний эхний шатанд Д.Үүрийнтуяа С.Цогтсайханыг хожсон ажээ. Э.Улаанхүүгийн хувьд сайн уяач гэдгээ энэ жилийн улсын баяр наадмаар олон түмэнд амжилтаараа илтгээд авсан. Тэгвэл тэрбээр сайхан дуулдгаараа мөн олны хайр хүндэтгэлийг хэдийнээ хүлээсэн нэгэн. "Тансаг айраг" фестивальд тэрбээр мөн ая дуу өргөж “Миний нутгийн бараа” дууг дуулжээ.