Ард түмнийг ядууралд живүүлэх төсөв батлах гэж байхад таг дуугүй сууж буй УИХ-ын гишүүд гурван тэрбум төгрөгөөр толгойгоо илүүлж, амаа үдүүлсэн үү.
Эрх баригчид сонгуульд зориулсан алдагдалтай төсөв баталж, ядуурал улам гүнзгийрэх эхлэлийг тавих гэж байгааг эдийн засагчид онцолж байна. Уг нь өмнөх жилийн төсвийн зарлагаас таван их наядаар давсан төсвийн хүрээний мэдэгдлийг энэ оны тавдугаар сард баталсан юм. Энэ мэдэгдлээр төсвийн зарлагын дээд хэмжээг 22 их наяд төгрөг байхаар УИХ-аар баталж өгсөн. Гэтэл одоо 27 их наяд буюу таван их наядаар давсан төсөв оруулж ирж буй. Ингэхдээ улсын орлогыг “тэнэг” өөдрөгөөр төсөөлчихсөн хэрэг.
Ийм нөхцөлд УИХ-ын гишүүд амандаа ус балгасан мэт чимээгүй суусаар байна. Ус балгах нь ч балгажээ. 76 гишүүний тойрог бүрт гурван тэрбум төгрөг тавьж, амыг нь эвтэйхэн хаачихсан болтой.
Энэ талаар өчигдөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ам нээсэн юм. Тэрээр ярихдаа, Хамгийн харамсалтай зүйл нь энэ төсвөөр өр үйлдвэрлэж байна. Улс орон, хүн ард, тэдний амжиргааг боддог хүн энд байдаг бол боож үхмээр л байна. Миний тойрогт гурван тэрбум төгрөг өгье гэж байна билээ. “Тийм зүйл байхгүй. Би гурван тэрбум төгрөгөөр амаа үдүүлдэг хүн биш ээ” гэсэн. Н.Алтанхуяг гэдэг хүнээс болоод Эрдэнэтийнхэн их хохирч байгаа шүү дээ. Энэ нууц биш. Нэг гишүүний тойрог дээр хэд хэдэн тэрбум төгрөг тавиад л дуугардаг хүн өнөөдөр байхгүй байгаа биз дээ” гэсэн юм. /Зариг.мн/
Үүнтэй зэрэгцэн өчигдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Ганболд ч ам нээсэн. Ингэхдээ, “УИХ-ын гишүүд тойрог дээрээ гурав орчим тэрбум төгрөгийн төслийн санал өгөөрэй. Тэгээд байнгын хороон дээр эсвэл өөр газар зарчмын зөрүүтэй санал гаргахгүй шүү” гэсэн учраас л бид дуугүй явцгаасан. Гэтэл 212 төсөл арга хэмжээ шинээр нэмсэн байна. Энэ нь 118 тэрбумаас илүү л юм шиг харагдаад байх юм. Зарчмаа бариад явчихсан бол зүгээр байх юм. Зарим газар их өндөр өртөгтэй төслүүд ч тавигдсан байх шиг. Зарчмаа эвдээд байхаар үүнийг дэмжих их хүндрэлтэй байна” гэлээ. /MNB/
Г.Ганболд гишүүн шударгатаа ч биш бусад тойрогт өөрийнх нь тойргоос илүү их мөнгө тавьчих вий гэсэн шуналдаа автагдаж энэ мэт зүйлийг ярилаа гэж олон нийт шүүмжилж байгаа.
Нэг гишүүний тойрогт гурван тэрбум төгрөг тавина гэж үзвэл, нийт 228 тэрбум төгрөг зарцуулна. Гэтэл эрх баригчид ард түмэн бидэнд, мөнгөгүйгээ “гайхуулж”, зутарсан ядуугаараа түрий барьж, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох хөрөнгө байхгүй гээд гонжирсон нь саяхан. Тэр ч бүү хэл хүүхдүүдээсээ хоол харамлаж, нялх биетэй ээжүүдээ арай ядан 50 мянган төгрөгөөр гийгүүлдэг. Энэ бүхний хариуд, ердөө мөнгөгүй гэсэн тайлбараар олон нийтийн амыг таглачихдаг нь үнэн. Гэтэл тойрог бүрд тэрбумаар тоологдох төсөв тавьж байгааг нь харахаар мөнгөө үрж ядаад ч байгаа юм шиг.
Энэ мөнгөөр гишүүд тойрогтоо юу хийх вэ. Үүнийг хэн хянаж, ямар зохион байгуулалттайгаар тавих вэ? Энэ асуултад мэдээлэл авахыг олон нийт шаардаж байна.
2024 оны Хөгжлийн төлөвлөгөөнд зааснаар бол ирэх онд 100 гаруй төсөл, арга хэмжээг улсын төсвөөр санхүүжүүлнэ гэж заасан байна. Үүнээс 60 гаруй нь хөрөнгө оруулалтын шинжтэй. Үүний 57 хувь нь улсын төсвийн төсөлд багтжээ гэж судлаачид дүгнэсэн юм.
Үүнээс харвал хөгжлийн төлөвлөгөөнд оруулсан хоёр ажил тутмын нэг нь төсөвт тусгагдаагүй байгаа юм.