10-р сарын 7-нд Изриаль, Хамас бүлэглэлийн хооронд мөргөлдөөн хурцадсанаас хойш дэлхий даяар антисемитизмийн агуулгатай үзэн ядах гэмт хэргүүд ихэссэн. Тодруулбал, Еврей хүмүүсийг үзэн ядах, тэдэнд халдлах үзэгдлүүд дэлхийн олон хотод гарч байна. АНУ-д л гэхэд мөргөлдөөн эхэлснээс хойших хоёр долоо хоногт ийм үзэгдэл 400 хувиар өссөнийг “Anti Defamation League” гэх газраас тооцоолжээ. Нэн ялангуяа, АНУ-ын томоохон их дээд сургуулиудад Еврейчүүдийг үзэн ядах, тэднийг гутаан доромжлох тохиолдлууд эрс нэмэдсэн. Тиймээс АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд Еврей гаралтай эрх баригчидтай уулзаж, энэ асуудлаар хэлэлцэж эхэлжээ.
10-р сарын сүүлээр нэгэн эр “Палестиныг чөлөөлж, Еврейчүүдийг устга” хэмээн Лос Анжелес дэх нэгэн Еврей айл руу халдах гэж оролдсон. Улмаар тус бүс нутгийн удирдлагууд хот даяарх эргүүлийн ажлаа эрчимжүүлжээ. Харин Их Британид антисемитизмийн агуулга бүхий үзэн ядах гэмт хэрэг 14 дахин нэмэгдсэн аж. Их Британи дахь антисемитизмын талаарх мэдээллийг нэгтгэдэг “The Community Security Trust”-аас гаргасан мэдээллээр халдлага болсны дараах гурван долоо хоногт гарсан ослын тоо 1984 онд мэдээлэл цуглуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон гэв.
Францын хувьд 10-р сарын 7-ноос хойш антисемитизмийн тохиолдол 819 бүртгэгдсэн нь 2022 оны нийт тохиолдлоос хоёр дахин их болж байна. Францын дотоод хэргийн сайд Жералд Дарманин үүнтэй холбоотойгоор 414 хүнийг баривчилсан гэж мэдэгдсэн юм. Харин БНХАУ-д энэ төрлийн гэмт хэргийн тохиолдол гарсан талаарх мэдээлэл байхгүй байна. Гэхдээ 10-р сарын 13-нд Бээжин дэх Израилийн элчин сайдын яамны ажилтан халдлагад өртөж, халдлага үйлдсэн этгээдийг баривчилжээ. Мөн Хятадын нийгмийн сүлжээнд Еврейчүүдийн эсрэг утга агуулга бүхий нийтлэлүүд ихэссэн. Тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч үзэн ядсан агуулга бүхий сошиал нийтлэлүүдийн эсрэг хууль байдаг талаар хэлсэн ч эрх баригчид энэ асуудлаар төдийлөн арга хэмжээ аваагүй байна.