Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга нар Монголын шатрын холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Хэдхэн хоногийн өмнө Монголын Шатрын холбооны бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдэж тус холбооны ерөнхийлөгчөөр С.Наранбат сонгогдсон юм.
Уулзалтын эхэнд Э.Тэмүүжин дарга хэлсэн үгэндээ Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон С.Наранбат болон түүний баг хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Монголын шатрын холбоо, шигшээ багийн тамирчид цаашид дэлхийд нэр алдраа дуурсгаж, шатар сонирхогчид, ард түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, олон нийтэд чиглэсэн ажил өрнүүлэхдээ нийгэмд эерэг хандлага төрүүлж, тамирчид нь хүүхэд залууст үлгэр дуурайлалтай байж, ёс суртахууныг ямагт баримталж байхыг онцлов.
Мөн О.Баттулга дарга БТСУХ-ны зүгээс гэрээний хүрээнд дэмжин ажиллахаа илэрхийлж, алсын хараатай ажиллахыг сануулж, бодлогын төвшинд нэгдэж, хамтран зүтгэхийг уриалсан юм.
Харин Монголын шатрын холбооны ерөнхийлөгч С.Наранбат “Холбооны санхүүжилтийг шилэн данс руу шилжүүлж, гишүүдийн хандив, улсын төсвийн дэмжлэг, чансааны хураамж зэргийг холбон ил тод нээлттэй байлгана. Боловсрол шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгийн хичээлийн хөтөлбөрт шатрыг оруулах хүсэлтэйгээ илэрхийллээ.
Тус уулзалтад МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж, МШХ-ны ФИДЕ дэх төлөөлөгч, Дэлхийн шатрын холбооны глобал бодлогын зөвлөлийн гишүүн, Их мастер А.Энхтуул, МШХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Чулуунбаатар, Хяналтын зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэ-Очир нар оролцов.