2024 оны гуравдугаар сард ОХУ-ын ээлжит ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоогийн ерөнхийлөгч Владимир Путин дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй байгаа талаар томоохон хэвлэлүүд мэдээлж байна. Хэдий тэрбээр сонгуульд өрсөлдөх талаараа албан ёсоор зарлаагүй ч зөвлөхүүд нь түүнийг хэдийн бэлдэж эхэлсэн талаар мэдээлжээ.
Өдгөө 71 настай Владимир Путин тус улсыг 20 гаруй жил удирдаж байна. Тэрбээр ерөнхийлөгч болон ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан туршлагатай. Гэвч Орос, Украины дайн өнгөрсөн онд эхэлснээс хойш В.Путины дэглэм олон сорилттой нүүр тулсан. Тодруулбал, сүүлийн хоёр жилийн хугацаанд ОХУ-ын эдийн засаг хямралд орж, рублийн ханш суларсан. Мөн барууны орнуудын ОХУ-ын эсрэг тавих эдийн засгийн хориг эрс нэмэгдсэн. Гэсэн ч В.Путинээс өөр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тохиромжтой нэр дэвшигч байхгүй талаар шинжээчид хэлж байна. ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведив хамгийн боломжит нэр дэвшигчээр нэрлэгдэж байгаа ч тэрбээр сонгогдвол В.Путины үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдгийг эх сурвалжууд онцолж буй.