"Парис-2024" зуны олимпын XXXIII наадам ирэх оны 7-р сарын 26-наас 8-р сарын 11-ний өдрүүдэд болно. Тус олимпын наадамд оролцох эрх олгох, эрхийн оноо цуглуулах тэмцээн уралдаан 2024 оны 6-р сард дуусгавар болох юм. Монголын үндэсний шигшээ багийн хувьд БТСУХ-ноос их спортын 12 төрөлд 45 эрх, паралимпын наадамд 7 орчим төрөлд мөн 12 эрх аван оролцох зорилтыг тавьжээ. "Ханжоу-2022" Азийн наадмаас Монголын спортынхон байт харваа, дугуй, бокс зэрэг төрлүүдэд 3 эрх өвөртлөөд байгаа. Харин албан ёсоор ОУОХ-ноос эрхийн баталгаажилтыг энэ оны 12-р сард БТСУХ-нд ирүүлэх ажээ.
Спортын төрлүүдээс жүдо бөхийн баг тамирчид эрхийн оноо цуглуулах тэмцээнд оролцож үзүүлсэн амжилт болон цуглуулсан оноогоороо Олимпын наадмыг зорих эрхээ авдаг онцлогтой. Тухайлбал Олон улсын Жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс жүдочдын дэлхийн чансааны эрэмбийг шинэчлэн батлан гаргадаг. Ингэхдээ жин тус бүрийн эрэгтэй, эмэгтэй эхний 17 тамирчин зуны олимпын наадмыг зорих эрхээ авах учиртай.
Мөн үүн дээр нэмээд таеквондо, сагсан бөмбөг 3х3, ширээний теннис, дугуй гэсэн төрлүүдэд цуврал тэмцээнээс оноо цуглуулж Олимпыг зорих эсэхнь шийдэгдэнэ.
Харин эрх олгох тэмцээнд оролцож шууд Олимпын эрх олгох спортын төрлүүдийг нэрлэе:
-Бокс "Ханжоу-2022" Азийн наадамд эрэгтэй бүх жин, эмэгтэй 2 жинд эхний 1 болон 2-р байр, эмэгтэй 4 жинд 1-4 байрт шалгарвал эрх олгосон. Одоо боксын төрөлд 2024 онд эрх олгох 2 тэмцээнээс медаль хүртвэл Парисыг зорих тийзээ өвөртөлнө.
-Буудлага 2023 онд ДАШТ-ээс 1-4 байр, Ази тивийн АШТ-ээс 1, 2-р байр эзэлбэл эрх олгоно. 2024 онд Ази тивийн АШТ-д 1, 2-р байранд шалгарсан амжилт үзүүлбэл олгох аж.
-Чөлөөт бөх 2023 оны ДАШТ-д эхний 5 байрт шалгарвал, мөн ирэх онд эрх олгох 3 тэмцээнээс эхний , 2-р байрт шалгарч байж эрхээ авах юм.
-Байт харваа "Ханжоу-2022" Азийн наадмын байт харвааны төрөлд ОУХМ Б.Отгонболд алтан медаль хүртсэнээр "Парис 2024" олимпыг зорих эрхээ ганцаарчилсан төрөлд аваад байгаа. Тэгвэл энэ төрөлд 11-р сард Тайландад болох Ази тивийн АШТ-ээс хувийн дүнгээр 1-3-р байр, багаараа 1-р байрт шалгарвал олгоно. Мөн ирэх оны 5-р сард Туркэд болох Дэлхийн цомын тэмцээнээс хувь болон багаар 1-3-р байр эзэлбэл шууд эрхээ авах юм.
-Хүндийн өргөлт ДАШТ-ээс эхний 10 байр, Дэлхийн цомоос 1-6-р байранд шалгарсан тамирчин тус тус эрхийн болзол хангана. Ингэхдээ нэг улсаас дээд тал нь 3 тамирчин оролцох юм.
-Хөнгөн атлетик Марафон гүйлтийн эрх олгох тэмцээнд эрэгтэй 2:08:10 цагийн үзүүлэлтээр, эмэгтэй 2:26:30 амжилт үзүүлэн Олон улсын хөнгөн атлетикийн холбооны "Алтан зам" ангиллын уралдаанд 1-4-р байрт шалгарвал эрх олгох шалгууртай ажээ.
-Гимнастик 2024 онд болох эрхийн 8 тэмцээнд медальт байранд шалгарсан тохиолдолд эрх олгоно. Сүүлийн тэмцээний дараа нийт тэмцээний чансаагаар эрэгтэй, эмэгтэй 96 тамирчинд эрх олгохоор заажээ.
Монголын баг тамирчдын хувьд 2008 оноос хойш тасраад буй олимпын наадмын Алтан медаль авах зорилго тээн ажиллаж буйг БТСУХ-ны дэргэдэх Үндэсний шигшээ багийн албанаас мэдээлж байна.