Германы Берлин хотод үйл ажиллагаагаа явуулдаг Канаан рестораныг Израиль болон Палестины хоёр иргэн үүсгэн байгуулжээ. Тэдний рестораны гадаа наасан бичиг олны анхаарлыг татаж буй.
Канан рестораны гадаа “Дайн бус хоол хий” гэж бичжээ. Гэвч 10-р сарын 7-нд Ойрх Дорнодод мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр найз ресторанаа түр хугацаанд хаахаас өөр аргагүйд хүрсэн байна. Учир нь өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд дэлхий даяар Израилийн эсрэг буюу Еврей хүмүүсийг үзэн ядсан, антисемитизмийн агуулга бүхий хөдөлгөөнүүд эрчимжсэн.
Улмаар Израиль найз руу нь халдах гэсэн оролдлого гарахад Палестин найз нь түүнийг хамгаалж, тэд бизнесээ түр хугацаанд зогсоох шийдвэрт хүрчээ. Мөргөлдөөн эхэлснээс хойших долоо хоногт Еврейчүүдийн эсрэг үзэл, үзэн ядалт 240 хувиар өссөнийг Германы нэгэн иргэний нийгмийн байгууллага олж тогтоосон байна.