Газын зурваст амь үрэгдсэн хүмүүсийн тоо 10 мянга давлаа. Үүнээс 4100 нь хүүхэд аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Газын зурвас дахь нөхцөл байдлыг “хүүхдийн оршуулгын газар боллоо” хэмээн тодотгосныг эх сурвалжууд онцолж байна.
НҮБ-ын тэргүүний мөргөлдөөний талаарх байр суурь нь энгийн иргэдийг аварч, хамгаалахад чиглэж байгаа. Ингэхдээ тэрбээр 10-р сарын 7-нд Хамас бүлэглэлийн өдүүлсэн халдлагыг буруушааж, энгийн хүмүүсийг энэ мөргөлдөөнд бамбай болгон ашиглаж байна гэсэн юм. Түүнчлэн энэ мөргөлдөөн зөвхөн Израиль, Хамасаар хязгаарлагдахгүй, бүс нутгийг хамарч байгааг анхаарууллаа. Тодруулбал, Ливан, Сири, Ирак, Йеменд нөхцөл байдал хэдийн хурцадсаныг А.Гутерреш хэлжээ. Ийнхүү НҮБ-ын зүгээс талуудыг “хүмүүнлэгийн үүднээс нэн даруй гал зогсоох”-ыг уриалсан байр суурьтай байгаа юм. Мөн НҮБ-ын зүгээс Газын зурвас болон баруун эрэг дэх 500 мянган Палестинчуудад зориулж 1.2 тэрбум долларын тусламж үзүүлэхээр болсон байна.