Улаанбаатар хотын замбараагүй газар олголт, төлөвлөлтгүй барилгажилтын хор уршгийг бид алхам тутамдаа амсдаг. Тэр дундаа өнгөрсөн зун болсон үерээр эрдэнэт хүний амь эрсдэж, олон айл эд хөрөнгөөрөө хохирч, нөхөж баршгүй гарз, хохирол амссан. Дээрх шиг үйл явдал цаашид тохиолдохыг, магадгүй ирэх зун дахиад үер болохыг үгүйсгэхгүй.
Энэ бүх гажуудал хэн нэгэн хүн гэхээсээ илүү бидний сүүлийн 30 жилийн алдаа, бодлогын судалгаагүй явж ирсний хор уршиг. Иймээс ч Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар дэргэдээ Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгуулж, судалгаа шинжилгээний үндсэн дээр шийдвэр гаргах жишгийг бий болгосон. Энэ хүрээнд тэрбээр үерийн дараахан архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1642 барилга болон үерийн эрсдэлтэй байршлын судалгааг танилцуулж байлаа.
Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй 294,852 барилга, байгууламж байдаг бөгөөд 171 га талбайг эзэлж байна. Шинээр барилга, байгууламж барихаар төлөвлөж буй архитектур төлөвлөлтийн даалгаврын тоог нэмсэн тохиолдолд дээрх тоо 304,979 болж, талбайн хэмжээ нь 441 га-д хүрэх юм. Энэ нь нэг га талбайд 460 хүн оршин сууж байгаа нягтралтай 116 хэсэг 142 болж нэмэгдэж, тэр хэрээр хүн амын хэт нягтрал үүсэх юм. Тодруулбал, нэг га-д 460 хүн гэдэг нь одоогийн Баянзүрх дүүргийн 26-р хороо буюу “Дүнжингарав”, “Баянмонгол” зэрэг хороололтой ижил хэмжээний барилгажилт, нягтаршил бий болно гэсэн үг.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Хот байгуулалтын тухай хуулиар барилгажих талбай 70 хувь, ногоон байгууламж 30 хувь байна гэж заасан. Харин Хотын дарга асан Д.Сумъяабазар барилгажилт 60 хувь, ногоон байгууламж 40 хувь болгохыг зорьсон. Ийн Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах тухай А/866 тоот захирамж гаргаж, 2016 оноос өмнө иргэн, хуулийн этгээдэд олгож, шинээр барилга, байгууламж барихаар төлөвлөсөн 1642 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, барилгажилт 60, ногоон байгууламж 40 хувьд нийцүүлэх ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ дээрх аж ахуйн нэгжүүд шинэ стандартад нийцүүлэн, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн А зөвшөөрлөө дахин хүсэх боломжийг олгосон юм.
Шинэ дарга хуучныгаа үгүйсгэдэг, өмнө нь хийж байсан ажлыг зогсоодог, дахиад шинээр эхэлдэг, төрийн залгамж халаа алдагдаж, үүнийг байх л ёстой зүйл мэтээр хүлээн авдаг болоод байсан юм. Тэгвэл шинэ Хотын дарга Х.Нямбаатар өмнөх Хотын даргын бодлогыг үргэлжлүүлж байна. Тэрбээр ажлаа авсан даруйдаа Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг танилцуулсан. Тус хуулийн төсөлд Улаанбаатар хотод төлөвлөлтгүй, замбараагүй барилга байгууламж барихыг хязгаарлах зохицуулалт оруулсан. 2000 оноос хойш гэр хорооллыг барилгажуулах хүрээнд тодорхой ажлууд хийсэн ч “Натур” худалдааны төв, Яармагийн дэнж, мөн Дөлгөөн нуур орчмын орон сууцны хороолол төлөвлөлтгүй, стандартгүй бетонон “ширэнгэ” болж хувирсан юм.
Иймээс цаг алдалгүй Улаанбаатар хотын барилгажилт, ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцсэн орон сууцны стандарт, нормуудыг тогтоох шаардлага үүссэн. Энэ хүрээнд архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлэх зөвшөөрөл олгоод байгаа 1500 гаруй нэгж талбар бүхий барилгажилтын ажлыг хязгаарлах, цаашлаад хотын ерөнхий төлөвлөлт бүхий газруудад шилжүүлэх зохицуулалтыг анхдагч хуулийн төсөл болон дагалдах хуулиудад тусгажээ. Ингэхдээ дахин төлөвлөлтийн нөлөөллийн бүсэд өртсөн айл өрхийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөн олговрыг дараах гурван сонголтоор шийдвэрлэхээр тусгасан. Нэгдүгээрт, газрыг бэлэн мөнгөөр худалдаж авах. Хоёрдугаарт, орон сууцыг барих явцад түрээсийн орон сууцаар хангаж, төслийн байр ашиглалтад орсны дараа тухайн орон сууцыг өмчлүүлэх. Гуравдугаарт, шууд орон сууцаар солих нөхцөлийг санал болгож байгаа юм. Мөн газрын маргаантай аж ахуйн нэгжүүдийг ч хохироохгүй байх үүднээс өөр газарт газар санал болгох гэх мэтээр шийдэл эрж байна.