FTX крипьо биржийн үүсгэн байгуулагч Сэм Бэнкмен Фрид хэрэглэгчдээ залилан мэхэлсэн хэрэгт буруутгагдлаа. Түүнийг нийт долоон гэмт хэрэгт буруутгаж байна. Сэм Бэнкмен Фрид эдгээр хэргийн төлөө 100-аас илүү жилийн ял сонсох магадлалтай аж. Тэрбээр өдгөө 31 настай бөгөөд крипто салбарын цаашдын төлөвт нөлөөлөхүйц хэрэг үүсгэсэн нь энэ юм.
Тодруулбал, FTX крипто бирж нь өнгөрсөн оны сүүлээр дампуурлаа зарласан. Сэм Бэнкмен Фрид нь өөрийнхөө бас нэг компани руу FTX-ийн хэрэглэгчдийн мөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон юм. Үүгээрээ тэрбээр тухайн компанийхаа өрийг дарах гэж оролдсон аж. Эдгээр оролдлого нь түүнийг хэрэглэгч нартаа худал мэдээлэл өгч, орлого завшсан хэрэгт унагаж байна. Хэдий шүүхийн шийдвэр гарсан ч Сэм Бэнкмен Фрид өөрийгөө буруугүй гэж мэдүүлээд буй. Түүний өмгөөлөгч мөн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ илэрхийлжээ. Гэсэн ч энэ хэрэг цааш тэдний талд шийдэгдэх магадлал тун хомс байгаа талаар шинжээчид хэлж байна. Сэм Бэнкмен Фридтэй холбоотой бас нэг асуудал бол түүний Хятадын эрх баригчдад авлига өгсөн эсэх тухай юм.
Тодруулбал, крипто салбарын томоохон төлөөлөгч Хятадын талд 100 сая ам.доллар өгсөн гэх мэдээлэл гарсан ба үүнийг нь хамтран ажиллагсад нь баталжээ. Саяхныг хүртэл хамгийн амжилттай явж байсан крипто салбарын төлөөлөгч ийн томоохон хэрэгт холбогдсон нь тус салбарын цаашдын төлөвт олон нийт санаа зовниход хүргэж байна.