Израилийн зэвсэгт хүчин Газын зурвасыг бүрэн бүсэлж, тус бүс нутгийг хоёр хуваасан гэдгийг Израилийн батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч хэллээ. Тэрбээр “Өнөөдөр хойд Газа, өмнөд Газа гэж бий” хэмээн мэдэгдсэн байна. Ингэхдээ иргэдийг хойд Газаас өмнөд Газа руу нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрнө гэсэн юм. Газын зурвасыг хоёр хуваасныхаа дараа Израилийн армийн цохилт эрчимжлээ. Тухайлбал, Ням гарагийн шөнө болсон дайралт нь 10-р сарын 7-ноос хойших хамгийн хүчтэй дайралт байлаа гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Израилийн армийн зүгээс хойд Газа дахь хуурай газрын дайралтаа улам эрчимжүүлж, цаашлаад Газа хотыг онилж байгаа гэсэн юм. Мөн Газын зурвась гурав дахь удаагаа харилцаа холбооны сүлжээ бүрэн тасарч, эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаа явагдахад хүндрэлтэй байна. НҮБ-ын Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх газраас мэдээлснээр Газын зурвас дахь 48 байгууламж нь сүйрч, ойролцоогоор 1.5 сая хүн орон гэрээсээ явсан гэсэн юм. Харин энэхүү 1.5 сая хүний тал нь НҮБ-ын тусламжийн, эсвэл хоргодох байруудад байрлаж байгаа аж.
Израилийн талаас Хойд Газыг нүүлгэн шилжүүлэх бүс гэж зарласан бөгөөд тус нутаг дэвсгэрийг Хамас бүлэглэлийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны төв болгожээ. Харин өмнөд Газын хоргодох байрууд нэмж хүн авах боломжгүй болтлоо дүүрсэн байгаа бөгөөд олон иргэн иймэрхүү байгууламжуудын ойролцоо гадаа хоноглож байгаа аж. Газын зурвас дахь эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 10 мянгад хүрчээ. Нөгөө талд, Газын зурвасаас Израилийн төв хэсэг рүү мөн пуужингийн цохилт өглөө. Сая сая израильчууд хоргодох байр луу шилжсэнийг Израилийн батлан хамгаалахын хүчин X хуудаснаа жиргэсэн байна. 10-р сарын 7-ноос хойш Израилийг чиглэсэн 8000 агаарын цохилт бүртгэгджээ.