Улсын хэмжээнд 115 мянган өрх ипотекийн зээлээр орон сууцтай болсон ба одоогоор 70 мянга гаруй хүн ипотекийн зээл төлж буй. Олон нийтийн сүлжээгээр ипотекийн зээл зогссон, олгохоо больсон гэх мэдээлэл гарч, иргэд үүнд шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл бид энэ талаар Хаан банкны Орон нутгийн иргэдийн банкны захирал Ю.Төрмөнхөөс тодрууллаа.
-Орон нутагт ипотекийн зээл ихээр олгож байна гэж ойлголоо. Энэ талаар мэдээлээч?
-Ипотекийн зээлийг Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулж, орон нутар руу шилжин ирж байгаа хөдөлгөөн их идэвхтэй байна гэж харж байна. Энэ хүрээнд засгийн газраас гурван хувийн зээлийг гаргаад явж байгаа. Манай банканд л гэхэд сүүлд 24 ипотекийн зээл олгоход үүний 50-иас дээш хувь нь гурван хувиар орон нутаг руу шилжин ирж байгаа залуус байна. Бид аль чадахаараа орон нутгийг хөгжүүлэх бодлогыг дэмжин хамтарч ажиллахад бэлэн байгаа.
-Иргэд ипотекийн зээлийг зогссон гэж ярьж байна шүү дээ. Хамрагдаж чадахгүй байгаа. Үүнд тайлбар өгөөч?
-Түр хугацаанд тийм зүйл болсон. Энэ бол хүртээмжийн асуудал. Нөгөө талдаа маш олон хүсэлтүүд ирдэг. Үүнийг дагаад шийдэж байгаа хурд маань удаашралтай байгаа болохоор асуудалж үүсэж байна. Гэхдээ огт зогсоогүй. Үргэлжлүүлээд олгоно. Олгоод ч явж байгаа. Зээлд хамрагдахад очер, дараалал нь зургаагаас дээш сарын хүлээлттэй байдаг бол одоо банканд үүссэн дараалал маань хоёр сарын хугацаанд хэрэгжиж байгаа. Тиймээс барилгын төсөл маань цаг хугацаандаа ашиглалтад орох нь чухал юм.
– Цаашид хэрхэх вэ?
-Эх үүсвэр тогтвортой байна гэж харж байна. Тийм учраас зээл олголтыг нэмэгдүүлэх боломжтой юм. Ипотекийн зээл Засгийн газар луу богино хугацаанд шилжинэ гэж яригдаад байгаа. Үүн дээр гарах эерэг үр дүн нь өөрийгөө санхүүжүүлэх боломж юм. Тэгэхээр зээлийн санхүүжилтийг бид өөрсдөө буюу корпораци нь хийгээд явахаар эргэлтийн хурд сайн болно.