Нийслэлийн хот тохижилтын газар энэ оны эхээр нийт 3,5 тэрбум төгрөг зарцуулж, 28 ширхэг цас арилгагч машин худалдаж авсан. Машин тус бүр 125 сая төгрөгийн үнэтэй. Гэвч энэ жилийн анхны цаснаар ТҮК-ийн ажилтнууд гудамж, талбайг тогтсон цасыг гараараа цэвэрлэсэн хэвээрээ л байна. Олон нийтийн хувьд “Цасны машинаа ажиллуул. Ажиллахгүй машин авч мөнгө угаасан юм уу” хэмээн хотын удирдлагуудыг хурцаар шүүмжилж байна.Энэ асуудлыг Нийслэлийн хот тохижилтын газрыг дарга Б.Мөнхцэцэгээс тодруулахад “Энэ машин цасны машин биш. Зам цэвэрлэгээний бичил техник. Манайх захиалагч тал байсан учир техникийнхээ шаардлагуудыг боловсруулж өгсөн. Ажлын хэсэг нь найман удаа хуралдаж, техникийн шаардлага хангаагүй гэж үзсэн. Гэрээ цуцлагдсан, нийслэлийн төсвөөс нэг төгрөг ч гараагүй байгаа” гэв.
“ЦАСЫГ ШҮҮРДЭЖ, ГАРААРАА ЦЭВЭРЛЭСЭЭР БАЙНА”
Өнгөрсөн амралтын өдрүүдээр орсон цасны улмаас Нийслэлийн зам талбайд цас ихээр хуримтлагдаж, халтиргаа гулгаа үүсээд байна. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч, ажилтнууд шаардлагатай тоног төхөөрөмж байхгүйн улмаас автобусны буудал болон явган хүний зам талбайг уламжлалт аргаар буюу шүүрдэж, гар аргаар хусан цэвэрлэж байна. Иргэд цахим сүлжээнд “21 дүгээр зуунд цасаа гараараа цэвэрлэж байх ч гэж дээ” хэмээн бухимдсан сэтгэгдлээ илэрхийлсээр байна.
“28 МАШИН ЦАС ЦЭВЭРЛЭЖ ЧАДНА” ХЭМЭЭН ЯРЬЖ БАЙСАН Ч ШААРДЛАГА ХАНГАСАНГҮЙ”
Одоогоос 10 сарын өмнө цасны машиныг Нийслэлд авч ирэх үеэр Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг манай сайтад ярилцлага өгч байсан юм. Тухайд үед “Батсээр” компанийн оруулж ирсэн машиныг элдэвтэй машин гэж нэрлэж болно. Зуны цагт зам шүүрдэж, өвлийн цагт замын хажуугийн цас, явган хүний зам, замын нуух цэвэрлэх боломжтой. Шаардлага бүрэн хангасан учраас бид авлаа” хэмээн ярьж байсан. Гэвч анхны цас тэдний ажлыг шалгаж, худал хэлж байсныг нь ийнхүү нотоллоо. Үүнтэй холбоотойгоор шаардлага хангахааргүй машин авсны хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Мөн төсвөөс нэг ч төгрөг гараагүй гэж мэдээлж байгаа нь үнэн эсэхийг нягтлах шаардлага үүсээд байгаа юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.