Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “ГОВЬ” ХК орон нутаг дахь анхны салбар үйлдвэрээ Хэнтий аймагт нээлээ.
Уг үйлдвэр нь ноос ноолуурын салбарт хамгийн нарийн ажиллагаанд тооцогддог “кеттель”-ийн үйлдвэр бөгөөд 100 гаруй ажилтан ажиллах хүчин чадалтай юм. ГОВЬ-ийн орон нутаг дахт салбар үйлдвэр нь эхний ээлжинд 50 гаруй ажилтныг “КЕТТЕЛЬЧИН” ажлын байранд ажиллуулах ба Монгол-Солонгосын политехникийн кеттелийн багш нар хамтран мэргэжлийн ур чадвар олгох богино хугацааны сургалтад туршлагагүй хүмүүсийг ч хамруулан чадамжийн гэрчилгээ олгох юм байна. “ГОВЬ”-ийн орон нутаг дахь кеттелийн салбар үйлдвэр хэн бүхэнд нээлттэй бөгөөд ноос ноолуурын салбарт цөөн байдаг боловсон хүчнийг нэмэгдүүлж, чадавхжуулах давуу талтай болохыг “ГОВЬ” ХК-ийн Хүний нөөц хариуцсан захирал Д.Соёлмаа онцолж байлаа.
Түүнчлэн бидний хамтын ажиллагаа цаашид өргөжин, тус салбар үйлдвэрийн үйл ажиллагаа тэлэн цогц үйлдвэр бий болгохоор таван жилийн хугацаатай санамж бичгийг үзгэлээ хэмээн “ГОВЬ” ХК-ийн Үйлдвэр, Дизайн хариуцсан дэд захирал Б.Болормаа тодотгож байсан юм.
Хэнтий аймгийн хэмжээнд нийт хоёр үйлдвэр байдаг бол тус үйлдвэрүүд нь улирлын чанартай ажилладаг. Харин “ГОВЬ” -ийн салбар үйлдвэр нь жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй ажиллах бүрэн боломжтойгоороо онцлогтой.
Ямагт зогсошгүй хурдаар үсрэнгүй хөгжлийг эрэлхийлдэг “ГОВЬ” нь салбар үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлснээр хөдөө орон нутагт ажлын байрыг бий болгохын зэрэгцээ тогтвор суурьшилтай амьдралын нөхцөл боломжийг бүрдүүлж буйн нэг илрэл. Үйлдвэр эрхлэгчид орон нутагт тогтвортой ажлын байрыг бий болгосноор нийслэл хотыг зорих иргэдийн урсгал багасаж, орон нутгийн хөгжил тэлэхийн зэрэгцээ өрхийн орлого нэмэгдэх гээд давуу талуудыг нь онцлоод баршгүй түүхэн үйл явдал болж байна. Уул уурхайн бус экспортыг дэмжин ажиллахын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлд үнэтэй хувь нэмэр оруулан орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж сайн жишгийн эхлэлийг “ГОВЬ” ХК-ийн хамт олон бүтээлээ.
Дашрамд “ГОВЬ” ХК, ХБНГУ-ийн Дюссельдорф хотод өөрийн нэрийн дэлгүүрээ нээгээд удаагүй байгаа. Монгол ноолуурын чанар эдэлгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг орон нутгаас дэлхийн зон олон руу хүргэж байгаа ГОВЬ-ийн баялаг бүтээгч нийт хамт олонд уншигч олныхоо өмнөөс талархсанаа илэрхийлье.