“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт жүжигчин Б.Ариунцэцэгийг урилаа. Эрдэнэт хотод төрж өссөн түүний гэр бүл 10 настай байхад нь Улаанбаатарт шилжин иржээ. Багаасаа урлагийн, ялангуяа, бүжгийн авьяасаараа тодорсон Б.Ариуцэцэг цэцэрлэгт байхаасаа л тайзанд гарчээ. Тэрээр энэ тухай ярихдаа “Дунд ангид сурч байхад нэг өдөр багш манай ангид нэг хүн дагуулаад орж ирсэн. “Энэ эгч нь зохиолч хүн. Кино хийх гэж байгаа юм байна. Манай сургуулиас хүүхдүүд сонгож авах юм гэж байгаа юм байна шүү гэсэн. Ингээд л би есдүгээр ангидаа анх удаа “9б анги” гэдэг нэртэй кинонд тоглож үзэж байлаа” гэсэн юм.
ЭЭЖ ХҮНИЙ, УРАН БҮТЭЭЛЧ ХҮНИЙ ТУУЛАХ ЁСТОЙГ ТУУЛЖ Л ЯВНА
Хамгийн анхны мэргэжлийн уран бүтээл маань “Амьдралд тавтай морил” 80 ангит кино. Тэр цагаас хойш “Эмоци” продакшнтайгаа салшгүй холбоотой явсаар 10 жилийн ард гарсан байна.
Би жүжигчин болоогүй бол дуучин болох байсан байх. Дуулах маш сонирхолтой. Гэхдээ түүнийхээ төлөө тэмцээд яваад байдаггүй. Магадгүй жаахан зориглоод явсан бол хажуугаар нь дуулаад явж байх байсан болов уу гэж боддог. Ямар ч байсан аавынхаа хүслийг биелүүлнэ л гэж боддог. Мэргэжлийн хүмүүсийн хажууд би үнэхээр гоё дуулж чадахгүй. Гэхдээ л өөрийнхөө хэмжээнд ямар ч байсан нэг дуулж үзнэ гэж боддог.
Би хоёр сайхан үртэй болсон. Том охин маань долоон настай. Хүү маань ой гурван сартай. 26 настайдаа ээж болсон. Тэгэхэд “Хожуу төрөлт байна” гэж эмч нар хэлж байсан. Хүүгээ төрөхөд төрсний дараах сэтгэл гутрал гэдэг зүйлийг мэдэрсэн. Шоконд ордог юм билээ. Хамт олонтойгоо бужигнаад л, “асаад” л явж байдаг хүн чинь гэнэт нам гүн орчинд шилжихээр хүн эвлэрч чаддаггүй юм билээ. Мэдээж ээж хүн хийх ёстой зүйлээ хийнэ.
Амьдралд хүн болж төрснийх, эмэгтэй хүн бүрд тулгардаг, тулгарах ёстой зүйлүүдийг бүгдийг нь мэдрээд явж байна. Гол нь бүх муухай, сайхан мэдрэмжүүдийг мэдрээд, хамгийн гол нь түүнийгээ даван туулаад, ард нь гарч чадна гэдэг л амжилт. Ямар ч байсан бүх зүйлийг мэдэрч байна. Сайнтай, муутай бүх зүйлийг мэдэрч, бүгдийг нь тунгааж байна. Шүүж байна.
“Энэ амьдралд би гэдэг хүн яг хэн юм бэ. Би энэ амьдралд хүн болоод төрсөн байна. Одоо цаашдаа яаж амьдрах ёстой билээ. Би юу хийх ёстой билээ. Энэ амьдралд байр сууриа олж авахын тулд надад ямар чадвар байна” гээд өөрөө өөртэйгөө маш сайн ярилцах ёстой болов уу гэж боддог. Би гэж хэн бэ гээд өөрөө өөрийгөө олох ёстой болов уу. Тэгсэн цагт цаашаа үндэслээд явна.
Аливаа зүйлд тууштай байна гэдэг л хүнийг дархлаа суулгадаг. Тэр л таныг амжилтад хүргэнэ. Тэр л таныг төлөвшүүлнэ. Би нэг хамт олонд орлоо. Шинэ бүхэн дастал дандаа хэцүү байдаг. Түүнийг тэвчих тэвчээр их чухал. Тэвчээртэй, тууштай байх хэрэгтэй. Хэцүү байсан ч хэцүү бүхний ард заавал жаргал байх ёстой гэж зүтгэх л ёстой юм шиг”.
Видеог дээрээс үзнэ үү.