“FIDE Women’s Grand Swiss – 2023” тэмцээн 10-р сарын 25-наас 11-р сарын 5-ны өдрүүдэд Мэн арлын Дуглас хотод болжээ. Тус тэмцээнд олон улсын чансаагаар Дэлхийд эхний 40-д жагсаж байгаа тамирчид +10 тамирчид /тивийн төлөөлөл, ФИДЕ болон зохион байгуулагчийн wild cart/ гээд нийт 50 шатарчид оролцдог. Энэ тэмцээн нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шалгуурын нэг хэсэг юм. Тус тэмцээнээс эхний байр эзэлсэн хоёр тоглогч 2024 онд болох “Нэр дэвшигчдийн тэмцээн”-д оролцох эрх авчээ.
Харин Их мастер Батхуягийн Мөнгөнтуулын хувьд 2022-2023 оны дундаж рейтингээрээ багтсан бөгөөд тэмцээндээ амжилттай оролцож IV байр эзэлсэн байна. Тэрбээр Дэлхийн шилдэг шатарчид оролцсон өрсөлдөөн ихтэй тэмцээнд эхний байруудад шалгарахад коэффициент гуравхан оноогоор дутсан байна. Гэсэн хэдий ч энэ нь түүний хувьд болон Монгол Улсын шатрын спортод чамлахын аргагүй амжилт юм.
Их мастер Б.Мөнгөнтуул өөрийн цахим хуудсандаа "Өрөг болгонд өрсөлдөгчдийг минь судлан, гараа болон тактик, стратеги, сэтгэл зүйгээр бэлдэж өгч байсан дасгалжуулагч Их мастер Б.Гүндаваад баярлалаа" хэмээн баярлан талархаж буйгаа илэрхийлсэн байна.