2020 оны Оскарын шагналт "Шимэгч" киноны жүжигчин И Сун Кюн хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэргээр шалгагдаж байна. Тэр байцаалт өгөхөөр өнгөрсөн бямба гарагт хоёр дахь удаагаа цагдаагийн газар иржээ.
Өдгөө 48 настай И Сун Кюн Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах нэгэн дээд зэрэглэлийн бааранд ажилладаг эмэгтэйн гэрт марихуан болон бусад хууль бус хар тамхи хэрэглэсэн хэрэгт энэ оны эхэн үеэс хэд хэдэн удаа буруутгагдаж байгаа юм. Долоо хоногийн өмнө цагдаад анх ирэхдээ И Сун Кюн хар тамхи хэрэглэсэн эсэх шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь сөрөг гарсан байна.
Цагдаа нар түүний үсэнд илүү нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр Үндэсний Шүүхийн Шинжилгээний Алба руу илгээсэн бөгөөд хариу нь мөн сөрөг буюу хар тамхи мансууруулах бодис илрээгүй гэж гарсан байна. Жүжигчин эр цагдаагийн газар ирэхдээ "Олон хүний санааг зовоосондоо уучлалт гуйж байна" гэж хэлснийг БНСУ-ын хэвлэлүүд онцолж буй. Сэтгүүлчид түүнийг хар тамхи хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг асуухад "Би өнөөдрийн мөрдөн байцаалтад үнэнчээр хандах болно" гэж хариулсан байна.