Балбын баруун хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 150 гаруй хүн амь үрэгджээ. Газар хөдлөлт Балбын нийслэл Катмандугаас баруун зүгт 500 км зайд орших Жажаркот, Рукум зэрэг уулархаг дүүргүүдэд болсон ба аюулгүйн хүчнийхэн энэ бүсүүдэд ажиллаж байна. Хүчтэй чичиргээ Балбын нийслэл болон хөрш Энэтхэгийн хотуудад мөн мэдрэгджээ. Армийн төлөөлөгчийн мэдээлснээр 100 гаруй хүн шархадсан байна. Нөхцөл байдлын хувьд, Жажаркотын эмнэлэг шархадсан хүмүүсээр дүүрэн байгаа аж. Газар хөдлөлт болсноос хойш нэг цагийн дотор дахин гурван удаа чичиргээ мэдрэгдсэн бөгөөд олон хүн газар хөдлөлт болохоос эмээж, шөнийг гадаа өнгөрөөжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан бичлэгт олон давхар тоосгон байшингийн нурсан нь, хүмүүс нурсан барилгуудын үлдэгдлээс амьд үлдсэн хүмүүсийг гаргаж авахаар оролдож буй нь харагдсан байна. НҮБ-ын Хүүхдийн сан энэ аюулт үзэгдлээс болж хүүхэд, гэр бүлд учирсан хохирол, гамшгийн хохирлыг тооцоолж байгаа гэж мэдэгдэв.