АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Иорданы нийслэл Амман хотод Ливан, Катар, Иорданы удирдагч нартай уулзаж, хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ.
Арабын орнуудын удирдагч нар ямар ч нөхцөлгүйгээр Газын зурваст гал зогсоохыг шаардсан бол Э.Блинкен “Израиль өөрийгөө хамгаалах эрхтэй” хэмээгээд энгийн иргэдийг аврах үйл ажиллагааг яаралтай эрчимжүүлэх хэрэгтэй гэв. Баасан гарагт Израилийн зүгээс барьцааны иргэдээ буцааж автал гал зогсоох талаар хэлэлцээрт хүрэхгүй гэсэн юм. АНУ-ын зүгээс гал зогсоох нь Хамас бүлэглэлд дахин халдлага хийх боломж өгч байгаагаас ялгаагүй гэж үзэж байгаа аж.
Хэдхэн хоногийн өмнө Хамас бүлэглэлийн өндөр албан тушаалтан 10-р сарын 7-ны үйл явдлыг дахин давтах бодолтой байгаа тухайгаа хэлж байсан юм. Ийнхүү АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга болон Арабын орнуудын удирдагч нарын уулзалт тодорхой үр дүнд хүрч чадсангүй.