АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт олон нийтэд хандаж мэдээлэл өглөө.
Тэрээр "Нийтийн тээврийн "Ногоон автобус"-тай холбогдуулан маш их мэдээллүүд их гарсан. Шинээр сонгогдоод буй Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэн. Ингэхдээ 2009 онд шууд гэрээгээр тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт, Барилга хот, байгуулалтын сайд Х.Баттулгад зөвшөөрөл олгоод улс оронд 38 тэрбум төгрөгний хохирол үзүүлсэн гэсэн агуулгаар мэдээлэл хийсэн. Гэхдээ маш олон бичиг баримтын дундаас ганцхан бичиг баримтыг л сугалж гаргаж ирээд Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд зориудаар дутуу мэдээлэл түгээж олон түмнийг төөрөгдүүлээд байгаа эрх баригчдын увайгүй үйлдэл гэж харж байна.
Х.Нямбаатар өөрөө Хууль зүйн сайд байсан хүн. Төрийн ажил ямар байдгийг сайн мэдэж байгаа.
2008 оны 11-р сарын 5-ны өдөр буюу одоогоос 15 жилийн өмнө Засгийн газар хуралдаад нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний хүрээнд 6 заалттай Засгийн газрын тогтоол гаргасан. Эдгээр мэдээлэл нь холбогдох төрийн мэдээллийн цахим сайтад нээлттэй бий. Энэ тогтоолд 38,4 тэрбум төгрөгийг нийслэлийн ачилт тээврийн автомашин болон нийтийн тээвэрт зориулан гаргаж өгөхийг ЗТБХ-ын сайд Х.Баттулга, Сангийн сайд Баяцогт нарт даалгасугай гээд ийм тогтоол гарсан. Ингэхдээ нийтийн тээвэрт ашиглагдаг том оврын 400 автобусыг хязгаарлагдмал тендерээр зохион байгуулахыг Х.Баттулга сайдад даалгасан байгаа.
Сангийн яам яагаад худалдан авах үйл ажиллагаанд холбогддог юм бэ? гэхлээр тухайн үед "Босго үнэ" гэдэг ойлголт байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар 1 тэрбумаас дээш төгрөгийн бараа худалдаж авах мөн 3 тэрбумаас дээш ажил үйлчилгээ тендерээр авах болвол заавал Сангийн яамнаас хянуулж зөвшөөрөл авдаг ийм тогтолцоотой байсан гэлээ.