АНУ-ын Чикаго хотод зохион байгуулагдах "Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2023" өнөөдөр эхэллээ. Нээлтийн арга хэмжээ Монголын жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний нэгдсэн үзэсгэлэн "Mongolian gallery" дэлгүүрийн нээлтээр эхэлж байна. Энэхүү үзэсгэлэнгийн дэлгүүрт кашмер, эсгий болон гар урлал зэрэг Монголын 50 орчим жижиг дунд ААН-үүд өөрсдийн урлаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Экспорт олон улсын худалдааны төв (EITC), ЖДҮГ-тай хамтран "Mongolian days" арга хэмжээг АНУ-д найм дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Тус томоохон арга хэмжээ нь олон бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагч нартай уулзуулах, сурталчилах ажлыг хийж иржээ. Энэ жилийн арга хэмжээ Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын форум, "Welcome to Mongolia" фестивал гэсэн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм. Эдгээр цуврал арга хэмжээнүүдэд АНУ-ын Худалдааны яам оролцож байгаа бөгөөд 11-р сарын 4-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Экспорт Олон улсын худалдааны төв Монгол брэндүүдийг Америкийн зах зээлд гарахад тээвэр, онлайн, платформ, борлуулалт зэрэг дэд бүтцээр хангах зорилготой "Mongolian gallery" дэлгүүрийн АНУ-ын Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвд тогтмол ажиллуулдаг. Харин Чикаго хотод нээлтээ хийсэн "Mongolian gallery" дэлгүүр нь 11-р сарын 10-ны өдрийг хүртэл худалдаа үйлчилгээгээ явуулах аж.
Монгол Улсын ЖДҮГ-аас цаашдаа энэхүү арга хэмжээг өргөжүүлэх зорилгоор Соёлын яам, Аялал жуулчлалын яам мөн бусад байгууллагатай хамтран томоохон цогц хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж саналаа хүргүүлжээ. Иймээс тус тусдаа гадны улс орнуудад жижиг үзэсгэлэн зохион байгуулах бус нэгдэж нийлээд нэг бодлогоор өргөн хэмжээнд хамтран ажиллахыг уриалсан байна. Ингэснээр илүү шат ахиулж дараагийн шатанд "Mongolian gallery" шиг дэлгүүрийг бусад улс орнуудад нээх боломж байгааг илэрхийлэв.
Өрөг.мн сайтын баг АНУ-ын Чикаго хотоос сурвалжлан ажиллаж байна.