УИХ-ын Ц.Анандбазарын эзэмшлийн “Өргөө 2” кино театр Мэдээллийн технологийн үндэсний паркын талбайг хэт хямд үнээр түрээсэлж, их хэмжээний хохирол учруулсан ирсэн талаар өнөөдөр тус төвийн удирдлагууд мэдээллээ.
Талбай чөлөөлж өгөх шаардлга тавьсан ч биелүүлэхгүй байгааг хэлж байна. “Би Мэдээлэл, технологийн Үндэсний паркийн захирал Золзаяа байна. Манай хамт олон болон инкубатор төвд бойжиж буй старт-ап компаниуд, салбарын төлөөлөл энэ мэдэгдлийг хийхээр цугласан байна. Сүүлийн 12 жилийн хугацаанд Мэдээлэл, технологийн Үндэсний паркийн хойд хэсэгт байрлах “Өргөө 2” кино театрын гэрээ 2022 оны 12 сарын 31-нд дууссантай холбоотойгоор тус кино театрт бид шаардлага хүргүүлж байна. Мэдээлэл, технологийн үндэсний парк нь мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, старт-апуудыг дэмжих, тэднийг олон улсад гаргах зэрэг олон үүрэгтэй төрийн өмчит үйлдвэрийн газар. Салбараа төлөөлөх, салбарын ганц байгууллага нь гэсэн үг. Сүүлийн 12 жилийн хугацаанд буюу 2011 оноос хойш “Өргөө 2” кино театр манай хойд хэсгийг түрээсэлж ирсэн. Хамгийн анх зургаан мянган төгрөгөөр түрээсэлж ирсэн. Одоо метр квадрат талбайг дунджаар 8 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа. Энэ бол хотын А бүс дэх маш бага үнэ. Төрийн жишиг үнээс хэт доогуур үнэлгээ. Мэдээлэл, технологийн үндэсний паркийн хувьд сүүлийн хэдэн сарын хугацаанд чиглэлийн бус байгууллагуудыг байрнаасаа гарах шаардлага өгч, дийлэнх нь зөвшөөрөөд байна. Бид ажилласан шиг ажиллаж, Юникорн буюу олон улсад тэрбум долларын үнэлгээтэй компаниудыг гаргаж ирэх хэрэгтэй байна.
Сүүлийн 12 жилийн хугацаанд бид хэрхэн хохирсноо хэлье. Алдагдсан боломжийн өртгөө танилцуулъё. Хэрвээ бид “Өргөө 2” кино театрт талбайгаа түрээслүүлээгүй байсан бол бид 5,4 тэрбум төгрөгийн түрээсийн орлого олох боломжтой байсан байна. Хэрвээ заалуудаа өгөөгүй байсан бол танхим түрээсээр 470 сая төгрөгийн орлого боломж байсан.
Хэрвээ энд мэдээллийн технологийн салбарын бизнесүүд бойжсон бол 2000 гаруй ажлын байрыг бий болгохоос гадна, салбарын үйлдвэрлэл 2,8 хувиар өсөх боломжтой байжээ. Энэ талбайгаа өөрсдөө ашигласан бол 11,4 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл үйлчилгээг мэдээллийн технологийн салбарт бий болгож чадах байлаа. Нийтээр нь дүгнээд үзвэл 14-15 тэрбум төгрөгийн боломжоо бид алдаад байна” гэлээ. Иймээс тэд “Өргөө 2” удирдлагуудад шаардлага хүргүүлж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.