Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж буй мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал "Pokerrrr2" аппликейшн ашиглан хууль бус цахим мөрийтэй тоглоом ажиллуулж, иргэдийг татан оролцуулж их хэмжээний ашиг олсон этгээдүүдийг илрүүлэн шалгаж эхэлжээ. Цахим мөрийтэй тоглоомыг З, С, Т гэгч этгээдүүд зохион байгуулж, улмаар иргэдийг хохироож хууль бусаар олсон мөнгөө өндөр үнэтэй хаус, орон сууц, жийп маркийн автомашин худалдан авсан нь тогтоогджээ. Дээрх этгээдүүд хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор хуулийн байгууллагын нэр бүхийн хурандаа цолтой албан тушаалтантай хамтран мөрийтэй тоглоом ажиллуулдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Тодруулбал Нийслэлийн цагдаагийн газрын хурандаа Б-д тэд мөнгө, шан харамж зэрэг хахууль өгсөн гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Сүүлийн жилүүдэд цахим тоглоомонд бусдыг уриалан дуудах, энэ төрлийн сэдэлтэй гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болсон. Эцэст нь энэ нь иргэдийг эд хөрөнгө, цаг хугацаа, эрүүл мэндээр нь хохироож байна. Иймээс иргэдийг өөрөө өөртөө эзэн болж энэ төрлийн гэмт хэрэгт авталгүй болчимгүй үйлдэл хийхгүй байхыг хуулийн байгууллагаас анхаарууллаа.