Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалт бөгөөд жил бүр эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулан дархлаажуулдаг. Энэ жил нийт 300 мянган хүн тун вакцинаар улсын хэмжээнд 2-5 хүртэлх насны хүүхдүүдийн 70 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 хувийг вакцинжуулахаар зорьж, амжилттай зохион байгуулж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалт 50 гаруй хувьтай байна. Томуугийн вакциныг харьяа ӨЭМТ-үүдийн дархлаажуулалтын цэгт хийж байна.
Томуугийн халдвар нь дэлхий дахинд болон манай улсад хүн амын өвчлөл, эмнэлэгт хэвтэлтийн дийлэнх хувийг эзэлдэг байна. Тэр дундаа бага насны хүүхдүүд, 65 болон түүнээс дээш насны хүн амын хүндрэх, нас барах голлох шалтгаан болдог ажээ. Иймээс цаашид Covid-19 цар тахлын үеийн ололт, амжилт, сургамжид тулгуурлан хариу арга хэмжээг шуурхай төлөвлөн хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах нь чухал гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэллээ.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч буй тул эцэг, эхчүүд бага насны хүүхдээ улиралд нь тааруулан дулаан хувцаслаж, амин дэмтэй хоол, хүнсээр дархлааг нь дэмжихийг зөвлөж байна.