Газын зурвас ба Египетийн хил дээр байрлах “Рафах” хянан шалгах цэгийг мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа нээлээ. Энэ гарцаар хүнд шархадсан палестинчуудыг Египет рүү шилжүүлэх зорилготой. Эхний ээлжинд гарсан 400 гаруй хүний 335 нь гадаад иргэд байна. Саяхныг хүртэл энэ гарцаар хүн гаргах бус, гаднаас хүмүүнлэгийн тусламж орох л боломжтой байсан юм. “Рафах” хянан шалгах цэгээр хэн гарч, орохыг угтаа Египет болон Хамас бүлэг хянадаг. Гэвч 10-р сарын 7-нд мөргөлдөөн эхэлснээс хойш тус гарц хаалттай байсан юм. Одоогийн байдлаар 217 ачаа тээвэр “Рафах” хянан шалгах цэгээр нэвтэрсэн байна. Гэхдээ Израилийн зүгээс Газын зурвас руу шатахуун оруулахыг эсэргүүцэж байгаа. Учир нь тэд шатахуун оруулбал Хамас бүлэг цэргийн зориулалтаар ашиглаж болзошгүй гэж үзэж байгаа юм. Харин Газын зурвас дахь эмнэлгүүд шатахуунгүй бол цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж байгаагаа сануулсаар байна.