Авлигатай тэмцэх газар /АТГ/ УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар нараас ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлаар мэдүүлэг авч эхэлжээ.
Тодруулбал нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх хүрээнд “Тэнүүн огоо” компани нь Вьетнам улсад угсарсан 100 ширхэг автобусыг нууцад оруулан, тендер зарлалгүйгээр оруулж ирсэн нь хууль зөрчсөн төдийгүй будлиантай худалдан авалт хийсэн болох нь батлагдаж, өнгөрсөн сараас эхлэн АТГ эл асуудлаар холбогдох албаны хүмүүсийг саатуулан шалгах болсон юм.
Нийслэлийн Ардчилсан намаас дээрх автобус худалдан авалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэрээ “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга дур мэдээд автобус худалдан авалтыг нууцад оруулж, шийдвэрлэх боломжгүй. Том албан тушаалтан үүрэг өгөв үү, эсвэл хамтдаа оролцож хууль зөрчсөн үйлдэл гаргасан уу. Хуулийнхан уг асуудлыг мухарлах ёстой” гэдэг асуудлыг тавиад байгаа юм. Мөн стандартын шаардлага хангахгүй автобус худалдан авснаас болж, 300 гаруй тэрбум төгрөгийн хохирол үүссэн гэдэг асуудал ч хөндөгдөх болсон билээ.
АТГ-аас өнгөрсөн сард дээрх автобусны хэрэгтэй холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ “Нэр бүхий компани хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал олгосон гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор 11 иргэн, албан тушаалтны 16 обьектод нэгжлэг хийн, 25 хүнийг эрүүгийн хэрэг яллагдагчаар татсан. Нэр бүхий яллагдагч нарын 31 үл хөдлөх хөрөнгө, арилжааны банкинд дахь 3.4 сая ам.долларын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан. БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ дөрвөн хүний хоёрыг цагдан хорьсон, хоёр хүнд нь хилийн хориг тавьсан" гэж тодотгож байсан юм.