Хоёрхон өдрийн өмнө Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга тэргүүтэй салбарынхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ 2023 оны эхний 10 сарын байдлаар төсвийн гүйцэтгэл болон 2024 онд тус салбарт ямар ажлууд хийхээр төлөвлөснөө дэлгэрэнгүй танилцуулав. Биеийн тамир спортын улсын хороо нь нийтдээ 25 спортын төрлөөр Үндэсний шигшээ багийг байгуулан ажилладаг. Энэ онд БТСУХ-ны төлөвлөсөн 2023 оны жилийн төсөв нь 42 тэрбум төгрөг. Үүнээс эхний аравдугаар сарын байдлаар 31,1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Үндэсний шигшээ багийн нийт 25 төрлийн тамирчин, дасгалжуулагчдын цалин хөлс, олон улсын болон тив, дэлхийн тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтад оролцох зардалд нийт 10,8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос 9,5 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг гаргажээ.
-Тамирчдын мөнгөн шагнал, олимп дэлхийн медальтнуудын сар бүрийн урамшуулал зэрэг зардлын 4,6 тэрбум төгрөгөөс эхний 10 сарын байдлаар олгосон санхүүжилт 3,0 тэрбум төгрөг. Бусад тэмцээн уралдаан наадмын Монгол улсад зохион байгуулах, шигшээ бус төрлүүдийн олон улс тив дэлхийн тэмцээнд оролцох зардалд 18,2 тэрбум төгрөг зарцуулахаас 15,5 тэрбум гүйцэтгэлийг хэрэгжүүлсэн байна. Мөн Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах зардалд 10,0 тэрбум төгрөгийг зарцуулжээ.Дээрх задаргаанаас харахад энэ онд спортод нийт зарцуулагдах ёстой төсвөөс бараг 90 орчим хувь нь зардалдаа гарчээ. Тэгвэл эцсийн мөчид гарсан үр дүн маш чухал.
БТСУХ-ноос томоохон тэмцээн уралдаанд оролцоод ирсэн тамирчид, дасгалжуулагч гээд тухайн багтай "Үр дүнгийн хурал" хийдэг. Тус байгууллагаас шат бүрдээ хариуцлагажуулж Тамирчин-Спорт холбоо-БТСУХ гэсэн гурвалсан гэрээг байгуулан ажиллаж байгаа гэдгээ онцоллоо.
Гэтэл Азийн наадмын үеэр өвөртлөөд байсан "Олимпын 1 эрх"-ээ допингийн асуудлаас болоод алдчихаад буй. Харин олимп хэдийнээ хаяанд ирсэн энэ өдрүүдэд Парисыг зорих гуравхан тийзтэй л сууж байна, Монголчууд…Бид хаа хаанаа "Хариуцлага" нэхдэг, тооцдог баймаар байна. Хэзээ хүртэл найзан дундаа явцгаах вэ…