Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын Дэд дарга Ц.Жадамбаа, Ардчилсан намын Дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан намын дэд дарга Ш.Жандос, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцож цаг үеийн асуудлаар хуралдлаа. Энэ үеэр Ардчилсан намын Дэд дарга Ц.Жадамбаа дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр, “Жинхэнэ утгаараа иргэдийн амьдрал ямар байгаа вэ гэдгийг харж, бодит байдалтай танилцаж, судалгаан дээр үндэслэж дараагийн шийдвэрээ бодлогын түвшинд гаргах хэрэгтэй байна. Аймаг, орон нутаг дахь улс төрийн гадуурхал нь хэрээс хэтэрлээ. Намын гишүүдийн анхан, дунд шатанд ч илэрч байгаа. Ардчилсан намын үед тарьсан модыг хүртэл гадуурхаж байна.
Монгол Улсын гадаад өрийн талаар ярихад надад ямар хамаа байх вэ гэсэн хандлага олон нийтийн дунд байна. Гэхдээ энэ өр иргэн бүхэнд хамаарч байгаа. Нэг иргэн 33 сая төгрөгийн өртэй байна. Иргэд улс төрөөс, улс төрийн үйл ажиллагаанд оролцохоос залхаж байна. Өнөөдөр эрх баригчид Ардчилсан намын тавьсан өрийг бид дарж байгаа гэж ярьдаг. Гэтэл тэр үеийн өрөөс гадаад өр даруй хэд дахин нэмэгдсэн байна. Иргэдийн амьдралд авч байгаа цалин нь бараа бүтээгдэхүүний өсөлтөөс болж хүрэлцэхгүй байгаа” гэв.