Одоогоос 55 жилийн өмнө, 1968 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Мексик улсын Мехико хотноо зуны XIX Олимпын наадам хөшгөө нээж, Монголын баг чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, гимнастикийн төрлөөр 16 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон билээ. “Мехико 1968” Олимпын 8 дахь өдөр буюу 10 дугаар сарын 20-ны өдөр чөлөөт бөхийн төрөлд ур чадвараа сорьсон манай тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар анхны хүрэл медалийн эзэд болсон бол Ж.Мөнхбат анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан түүхтэй.
ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын олимпын медальтнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Барселон 1992” Олимпын хүрэл медальт Н.Баярсайхан нар анхны медальтнуудаа болон гэр бүлийн төлөөллүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монгол Улс Олимпын наадмаас медаль хүртсэний 55 жилийн ойн мэнд хүргэж, хойч үедээ үргэлж туршлага, сургаалаа хүргэдэгт талархал илэрхийлэн эрүүл энх байхыг хүсэн ерөөлөө.
"Токио-1964" зуны олимпын наадамд анхлан хөл тавьсан цагаас хойш Монголын баг тамирчид тасралтгүй олимпын наадамд эрхээ аван амжилттай оролцсоор байна.